Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгэн зочид буудалд амарч байсан иргэд рүү дээрэмчид халджээ. Тодруулбал, гаднаас маск өмссөн дөрвөн залуу орж ирээд тухайн иргэдийг зодож, улмаар гар утсуудыг нь дээрэмджээ. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ тухай дуудлага 2022 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 08.11 цагт иржээ. Мэдээллийг шалгахад, нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних дөрвөн эрэгтэй тус буудалд амарч байсан 24 настай, эрэгтэй Б, 25 настай, эрэгтэй С нарыг зодож гар утаснуудыг дээрэмдсэн нөхцөл байдал илэрчээ. Цагдаагийнхан эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай хийн, 16-25 насны дөрвөн хүнийг олж тогтоожээ. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт хэргийг шалгаж байна. Хохирогчдийн биеийн байдал хэвийн байгаа аж.