Тусгай хамгаалалттай нутаг дахь гол, нуурын онцгой болон энгийн хамгаалалттай бүс, ойн санд барьсан нүхэн жорлонгуудыг татан буулгах хугацаатай албан даалгавар БОАЖ-ын сайд гаргасантай холбогдуулан Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Туул голын хамгаалалтын захиргаа хамтран хариуцсан хэсэгтээ хяналт, шалгалт зохион байгуулж байна. Тус байгууллагынхан эхний ээлжид Горхи, Тэрэлжид ажиллаж, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй модон жорлонтой айл, амралтын газруудад яаралтай арга хэмжээ авах шаардлага тавьжээ. Тэрэлж голын урсац бүрэлдэх хэсэг дэх долоон айл, нэг амралтын газрын ариун цэврийн байгууламжийг буулгуулж, хоёр өрхөд зөрчлөө яаралтай арилгах хугацаатай албан даалгавар өгсөн байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн цаашид Туул гол дагуух аж ахуйн нэгж, айлуудын нүхэн жорлонг буулгаж, ариутгах, халдваргүйжүүлэх ажил зохион байгуулах гэнэ.