Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас манай улсад орж ирсэн ОХУ-ын иргэдэд түр оршин суух үнэмлэх олгохоор болжээ. Энэ талаар тус газрын дарга Н.Ууганбаяраас тодруулахад “Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан Монгол Улсын виз олгох журамд зааснаар манайд түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний манай оронд байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай. Эл хугацаа дуусан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч хойд хөршид үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын иргэд Монгол Улсад түр хугацаагаар оршин суух хүсэлт их гаргах боллоо. Тухайлбал, есдүгээр сарын 21-нээс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 748 иргэн, түр оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1221 хүн байна. Тэдний олонх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад түр оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан. Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журмын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно. Түр оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт, шалгалтын чиг үүрэг мэдээж давхар явагдана. Ийм хүсэлт өгсөн тохиолдолд нарийн процессын дагуу хяналт, шалгалт явуулсны үндсэн дээр уг зөвшөөрлийг олгоно. Жишээ нь, хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллагад нь очиж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эсэх гээд нягтлах зүйл цөөнгүй. Суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.
Түүнчлэн гадаадын иргэд Монгол Улсын хууль, тогтоомжийг щ сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, албадан гаргах эрх нь бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэх газар байнга авч, тухай бүрт нь арга хэмжээг авч байгаа” гэсэн мэдээлэл өглөө.