Иргэн Д.Мөнхбат өнгөрсөн 2020 оны аравдугаар сард эх орондоо ирж, “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан. Харамсалтай нь, тусгаарлагдаж байх хугацаандаа "Ковид-19"-ийн халдвар авсан. Тэрбээр энэ талаар болон сувиллын бодит нөхцөлийг олон нийтэд дамжуулж, мэдээлсэн. Улмаар түүнийг хууль хяналтын байгууллагаас хууль бусаар яллагдагчаар татсан удаатай. "Энхсаран" сувилалд 21 хоногийн хугацаанд тусгаарлагдсан иргэн Д.Мөнхбат гэм хорын хохирол нэхэмжлэх шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Түүнд учирсан гэм хорын хохирлыг барагдуулах 2 шатны шүүхийн шийдвэр гарчээ. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны зургадугаар сарын 23-нд гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хурлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохирол гаргуулахаар шийдсэн.
Төрийг төлөөлж гуравдагч этгээдээр оролцсон прокурор анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу 2022 оны есдүгээр 30-ны өдөр хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хангаж шийдсэн хохирлын дүнд бага хэмжээний өөрчлөлт оруулж, Д.Мөнхбатын хохирол нэхэмжлэх эрхийг хамгаалсан шийдвэрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.