Гурван шатны шүүхээс цаазаар авах ял оноосон Р.Ганбаатарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн өнгөрсөн баасан гаригт болсон хурлаар хянан хэлэлцжээ. Нийт шүүгчдийн хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялын дээд хэмжээг өөрчлөн 25 жил хорихоор болов.
Р.Ганбаатар нь 2009 оны арванхоёрдугаар сарын 29-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын V багийн нутаг, Наранбулаг гэдэг газар хамтран амьдрагч Ч-г зодож танхайран биед нь хүнд гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр хөнөөсөн юм. Мөн тэрбээр ганцаараа болон бүлэглэж, шунахай сэдэлтээр нийт таван удаагийн үйлдлээр 14 адуу хулгайлж, бусдын морийг залилж авсан, мөрдөн байцаалтаас оргосон гэмт хэргийг үйлдсэн аж.
Энэ хуралдаанаар А.Аманжол, К.Куланбай нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шинэчлэн хэлэлцүүлэхээр тогтсон байна. Дээрх хоёр этгээд Ховд аймагт бусдыг хүчирхийлж, амь насыг хохироосон хэрэг үйлджээ. Ховд аймгийн Сум дундын шүүхээс А.Аманжолд 17 жилийн хорих ял оноосон бол, К.Куланбайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж.
Мөн хуралдаанаас Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрахад Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэв олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Г.РАВЖАА