Нийслэлийн ИТХ-ын хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, баталлаа. Төслийг нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Уг төсөл зургаан бүлэгтэй бөгөөд эхнийхэд нь нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх 114 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Эдийн засгийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Улаанбаатар хотод тулгарч буй хүндрэлийг богино хугацаанд даван туулах, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ төлөвлөсөн байна. Харин засаглалын бодлогын хүрээнд нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг үе шаттай цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэхийг онцолжээ. Ногоон хөгжлийн бодлогод хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилт дэвшүүлсэн аж. Түүнчлэн дээрх баримт бичигт Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилт дэвшүүлсэн байна. Үүний хүрээнд авто зам өргөтгөх, зогсоол, гүүр, гүүрэн байгууламж барих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын хороод, намын бүлгүүдээс саналуудыг Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусган, хавсралтаар батлав.