Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Үүний хүрээнд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар болжээ. Мөн Их тойруугийн бүсэд орон сууц болон оффисын зориулалттай барилгын зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй гэв. Улаанбаатар хотын хөгжлийн шинэ ерөнхий төлөвлөгөөг баталж, дагаж мөрдөх хүртэл буюу 2024 хүртэл эл шийдвэрийг мөрдөх нь. Үүний зэрэгцээ техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдэлд хүрчээ. Мөн зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ онд багтаан зохион байгуулж, ирэх жилээс эхлэн мөрдүүлэхийг хариуцсан сайд нарт үүрэг болголоо. Энэхүү цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж. Түүнчлэн авто замын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж, танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө.
Засгийн газрын дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан “Шинэ автобусыг импортын гаалийн татвар, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө. Энэ нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ч хамаарна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Энэ удаад түгжрэлийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлэхээс татгалзаж байна. Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль боловсруулах, авто замын болон тээврийн хэрэгслийн татвартай холбоотой асуудлуудыг иж бүрнээр авч үзэхээр боллоо” хэмээн тодотгов.
Бэлтгэсэн М.Оч