Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түүх, соёлын дурсгалт газартай танилцах, байгаль орчноо танин мэдэх боломж олгох зорилгоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь Хангал нуурт түшиглэсэн зуны өртөөчилсөн сургалтын хөтөлбөр боловсруулсан талаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас мэдээлэв. Үүний хүрээнд таван чиглэлд өртөө байгуулж, сургалтын зам, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, мэдээллийн самбар байршуулжээ. Мөн амрах, зураг авах, алсыг харах зориулалттай газар бий болгосон аж. Уг өртөөний урт 4.5 км бөгөөд сурагчид төдийгүй насанд хүрэгчид аялахад тохиромжтой, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой гэдгийг хамгаалалтын захиргааныхан онцлов. Уг хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийнхөн шийджээ.