БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран Ганга нуурыг хамгаалах, урсцыг сайжруулах ажлууд эхлүүлжээ. Нуурыг элсний нүүдлээс хамгаалах зорилгоор найман га талбайг ойжуулж, зурвас байгуулахаар төлөвлөсөн байна. 7500 орчим мод тарих нүх ухаж, хөрсийг нь бэлдсэн аж. Мөн хоёр га талбайд бичил цэцэрлэгжүүлэлт хийж буй гэнэ. Малын хөлийг хязгаарлах зорилгоор нуурын энгийн хамгаалалтын бүсээс гадагш 500 метрт хашаа татаж, 50-60 км-т өрөмдмөл 10 худаг гаргажээ. Үүнээс гадна нуурын эрэг тохижуулах, ус дөхүүлэх шугам хоолой угсрах ажил үргэлжилж байна.