Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. Ирэх сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Харин хойд бүсийн аймгуудад хур тунадас, цас ахиу орох магадлал өндөр гэнэ. Бүсчлэн авч үзвэл баруун аймгуудаас Баян-Өлгий, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын зарим сумд олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан байна. Эдгээр аймагт бэлчээрийн ургамлын гарц тааруу, даац ихэд хэтэрчээ. Тиймээс ирэх сард цочир хүйтэрч, шуурга ихтэй байснаар цаашид өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг анхааруулжээ. Тиймээс малчид өвлийн бэлтгэлээ сайтар хангахыг зөвлөв. Төвийн аймгуудын тухайд Төв, Сэлэнгэ, Булганд олон жилийн дунджаас дулаан байх нь. Бусад хэсэгт олон жилийн дунджийн орчим байх бөгөөд сарын эхээр цас орж болзошгүй аж. Зүүн бүсийн Хэнтий аймгийн хойд хагаст олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох гэнэ. Говийн аймгуудын ихэнх нутгаар сарын эхээр бороо орох бөгөөд дунд үеэс нь салхи шуурга ихтэй байх төлөв гарчээ.
Бэлтгэсэн М.Оч