Эрчим хүчний салбарынхны хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, цахилгаан тасалдах магадлалтай, осол гэмтэл гарах давтамж өссөн талаар өчигдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “ДЦС-3”, “Багануур” болон бусад компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор “Сүүлийн дөрвөн жил эрчим хүчний салбарын үнэ тариф өөрчлөгдөөгүй. Цахилгааныг үйлдвэрлэсэн үнээс нь 5-59 хувиар хямд борлуулж буй. Үүнээс үүдэн санхүүгийн хүндрэл үүсэж, 2019-2021 онд нийт 296 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол энэ жил 168.2 тэрбумын алдагдалтай ажиллах нь. Хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай учраас шаардлагатай засвар ,үйлчилгээг цаг тухайд нь хийх боломж багасан, дэвшилтэт технологи нэвтрүүлж чадахгүй байгаагаас аваар ослын тоо ихэссэн” гэлээ. Түүнчлэн ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг хэрэгжихгүйд хүрч, Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх, хамтын гэрээ, хэлэлцээрийг хангуулах, ажилчдын нийгмийн хангамж, цалин хөлсний баталгаа ч алдагдсан юм байна. Энэ талаар Ерөнхий сайдад өнгөрсөн тавдугаар сарын 18-нд албан бичиг хүргүүлсэн ч хариу аваагүй аж. Тиймээс дахин мэдээлэл хийж, тус салбарт тулгамдсан хүндрэл бэрхшээлийн улмаас аваар саатал гарч, ажилчид хохирвол хариуцлагыг нь Ерөнхий сайд хүлээх ёстой хэмээн үйлдвэрчний эвлэлийн холбооныхон үзэж буйгаа илэрхийлэв.