Дэлхийн аялал жуулчлалын өдөр өчигдөр тохиолоо. Үүнийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг хамтран Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн зохион байгуулав. Тус үзэсгэлэнд зочид буудал, кэмп, амралтын газар, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулийн төлөөлөл оролцон, үйл ажиллагаагаа танилцууллаа. Тухайн байгууллагууд нь дотоод, гадаадын аялагчдад зориулсан гарын авлага, товхимол, бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохын зэрэгцээ аялагчдыг хүлээн авдаг “майхант буудал”-ыг ч авч ирж угсарсан бол төрийн байгууллагынхан хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгсөн юм. Дээрх өдөрлөгийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Бидэнд аялал жуулчлалын салбартаа томоохон ахиц хийх шаардлага байна. Зөвхөн амралтын газар ажиллуулдаг, сонирхолтой бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодоггүй компаниудыг мэргэжлийн байгууллагаас ялгах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зээл, тусламж олгох нь зүйтэй. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өвөрмөц, таатай нөхцөл манайд бий. Тиймээс энэ чиглэлээр дагнан ажиллах сонирхолтой иргэд, компанид хөрөнгө оруулах, өвлийн кэмптэй болоход дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна” гэв. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачилсан эл өдрийг Монголд 2007 оноос тэмдэглэж иржээ. Ташрамд дурдахад, манай улс цар тахлаас өмнө буюу 2019 онд 500 мянга гаруй жуулчин хүлээн авч, 670 орчим сая ам.долларын орлого олсон дүн бий.