Улаанбаатар хот өнгөрсөн өвөл түүхий нүүрс түлдэг үеийнхээс ялгаагүй утаа униартай байлаа. Агаарын чанарын үзүүлэлт зарим үед стандартаас хэтэрч, “улаан шугам” давсан. Хамгийн бохир агаартай хотуудын жагсаалтыг Улаанбаатар үе үе тэргүүлж, цөөнгүй удаа айргийн тавд багтсан юм. Утаа ихсэх хэрээр хоолой хорсох, нүд аргах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч, гадаа удаан байх аргагүйд хүрснийг нийслэлчүүд хөндөж байв. Харин агаарын бохирдлын асуудал хариуцсан дарга нар утаа яагаад ихсэв гэдэгт хариулт олохын оронд өөрсдийгөө хамгаалах, хариуцлагаас мултрах арга зам эрэлхийлсэн. Хорт бодист өдөр бүр хордож буй иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавихаас илүүтэй харин ч тэднийг буруутгаж, гэр хорооллынхныг ад шоо үзэж байв.
Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр “Сайжруулсан түлшний үнэ хямд буй учраас гэр хорооллын өрхүүд өмнөхөөс их хэмжээгээр галлаж, утаа гаргаж байна. Энэ нь агаарын бохирдол ихсэхэд нөлөөлсөн” гэсэн бол нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Айлууд буруу галлаж байгаагаас, түлш нь бүрэн шатаагүй байхад нэмж түлдгээс утаа угаар ихэссэн” гэж “оношилсон”. Харин сайжруулсан түлшний хэрэглээ, нөөц, борлуулалт, үйлдвэрлэлийн технологид хяналт тавих, агаарын бохирдлын шалтгааныг тогтоолгох зорилгоор байгуулсан ажлын хэсгийн ахлагч, тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Уртнасан хотын дээгүүр дрон нисгэж, нисдэг тэргээр явж, агаар бохирдуулагчдыг илрүүлэх “мэргэн” арга олсноо таницуулсан юм. Иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүртэл “өрдөж орхисон” дарга нарын энэ тэнэглэл, амьдралгүй шийдвэр, “ухаалаг” яриа эцэстээ албан тушаалын халаа, сэлгээ хийхэд хүргэсэн билээ. Засгийн газар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд хуралдаж, БОАЖЯ-ны удирдлагыг багаар нь огцруулсан. Мөн нийслэлийн дээрх хоёр албан тушаалтан болон Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Ц.Пүрэвхүүг ч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм даг. 2021-2022 оны өвөл нийслэлчүүд агаарын бохирдлоосоо салаагүй ч ажлаа мэддэггүй албан тушаалтнуудаас ангижирсан. Тэгвэл тэдний дараа томилогдсон хүмүүс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр юу хийв. Энэ өвөл Улаанбаатар ямархуу дүр зурагтай байх вэ?
Засгийн газрын тэргүүн БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилохдоо нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллахыг үүрэг болгосон юм. Шинэ сайд ч үүний дагуу ажлаа авсан даруйдаа яамныхаа дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулж, сайжруулсан түлшний чанар, технологид анхаарал хандуулж эхэлсэн. Өмнөх сайд, дарга нарын өмгөөлж хамгаалан, хир тусгадаггүй байсан шахмал түлшний чанарын асуудлыг нухацтайгаар эргэн харахаар болсон нь нүдээ олсон шийдвэр. Учир нь, судлаачид “Тавантолгой түлш”-ийн бүтээгдэхүүнийг сайжруулах, стандартад нийцүүлэх шаардлагатайг өнгөрсөн хугацаанд хангалттай сануулж, найрлагад нь ордог зарим бодис түүхий нүүрснийхээс ч хортой байж болзошгүй талаар анхааруулсаар байсан ч албаныхан үгүйсгэсээр саяхныг хүрсэн. Уг түлшний түүхий эдийн технологи, үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн шийдлээс эхлээд түгээлт, тээвэрлэлтийн үе шатыг хүртэл цогцоор нь өөрчлөх тухай яригдаж байв. Шахмал түлшний үйлдвэрлэл хөгжсөн ХБНГУ-ын туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж байгаагаа ч мэргэжилтнүүд өнгөрсөн хавар мэдээлсэн. Тэгвэл үүний хүрээнд чухам юу хийсэн бэ гэдгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзулаас тодруулахад “Эрдэмтэн, судлаачдын гаргасан зөвлөмжийн дагуу түлшний технологид өөрчлөлт оруулсан. Анхан шатны нэгж буюу үйлдвэрээс илүү тодорхой мэдээлэл авах боломжтой” гэв. Харин “Тавантолгой түлш”-ийн ерөнхий технологич Х.Галымбек “Хүхэрлэг хийг бууруулах зорилгоор шинэ төрлийн барьцалдуулагч бодис гаргаж авсан. Уг бодисыг ашиглан түлш үйлдвэрлэх туршилт дууссан. Үр дүнтэйг нь баталлаа. Хэрэглээнд аль болох даруй нэвтрүүлэхийг зорьж байна. Шинэ технологийн дагуу түлш үйлдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллах аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож эхэлсэн” гэж мэдээллээ. Нийслэлийн гэр хорооллыхны өнгөрсөн гурван жилд хэрэглэсэн шахмал түлшний найрлагыг өөрчлөх нь нэгэнт тодорхой болжээ. Шинэ түлшний шидийг үзэх цаг ирэх нь. Харин хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Эндээс нэг л зүйл маш тодорхой харагдаж байна. “Тавантолгой түлш”-ийн өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэсэн, өдгөө ч нийслэлчүүдийг хангаж байгаа “шахмал хар”-ын найрлага дахь зарим бодис түүхий нүүрснийхээс ч хортой гэдэг судлаачдын дүгнэлт үнэн байж болзошгүй нь. Тухайлбал, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Ч.Сономдагва “Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлснээс хойш агаар бохирдуулагч зарим бодисын хэмжээ буурсан ч хүхэр болон азотын давхар исэл багасаагүй” гэсэн юм. Х.Галымбек тухайн үед “Түлшний орцын 96 хувийг баяжуулсан нүүрс, үлдсэнийг нь барьцалдуулагч эд эзэлдэг. Барьцалдуулагч эдийн хувьд олон улсын жишгийн дагуу цардуул суурьтай бүтээгдэхүүн ашигладаг. Стандартаар бол шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ нэг хувиас хэтрэх ёсгүй. Манай үйлдвэрийн түлшнийх 0.95 хувь буюу стандарт хэмжээнд буйг хөндлөнгийн болон дотоод шинжилгээгээр баталсан” хэмээн хариу тайлбар өгч байлаа. Харин өдгөө тэрбээр хүхэрлэг хийг бууруулах зорилгоор барьцалдуулагч бодисоо шинэчлэхээс аргагүйд хүрснийг хүлээн зөвшөөрч байна. Магадгүй сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлсэн эхний жилээс хойш Улаанбаатар хотын утаа эрс нэмэгдсэн нь өмнөд хөршөөс импортоор авдаг барьцалдуулагч бодистой холбоотой байх магадлалтай гэсэн хардлага эрхгүй төрөв.
Өнөө жилээс Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд багтааж буй. Тодруулбал, тус дүүргийн иргэд энэ өвлөөс шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн хавар, зун үүний бэлтгэлийг хангах чиглэлд төвлөрч ажилласныг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон онцоллоо. “Тавантолгой түлш”-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд буюу наймдугаар сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ирэх сарын 1-ний дотор 200 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Мөн баруун бүсийн үйлдвэр (энэ оны эхээр галд автсан)-ийг үе шаттайгаар хаах бэлтгэл хангах, Налайх дүүрэгт түгээлт, борлуулалтын цэг байгуулах, айлуудад хэрэглэгчийн карт түгээх зэрэг ажлыг сүүлийн саруудад амжуулжээ. Агаарын чанарыг сайжруулах бүс тэлэхийн хэрээр бохирдуулагч бодис ямар нэг хэмжээгээр нь буурах нь тодорхой. Тэгэхээр налайхчууд нийслэлийн агаарын чанарт хэр зэрэг нөлөө үзүүлдгийг энэ өвөл харах нь.
Агаарын бохирдолтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа жил бүрийн өдийд эрчимждэг. Энэ нь хурал, зөвлөгөөн, технологийн үзэсгэлэн, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөгөөр үргэлжилдэг байсан бол одоо гэр хорооллын айлуудын янданг хөөлөх ажлаар өргөжөөд байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яам, хорооноос эхлээд түлш хариуцсан үйлдвэр, үүнд хяналт тавих ёстой нэгж гээд шат шатны байгууллагын олон арван ажилтныг үүнд татан оролцуулж, гэр хорооллын айлуудын зуух, яндантай зууралдуулах болов. Сүүлдээ бүр нийслэлчүүдийг түлшээр хангах үүрэг хүлээсэн “Тавантолгой түлш”-ийн ажилтнуудыг хүртэл энэ “хэрэгцээгүй” ажилдаа дайчлахаар болж байх шиг. Тэд үүнийгээ “Өвөлжилтийн бэлтгэл хангах, орчны бохирдлыг бууруулах ажлын нэг хэсэг” хэмээн мэдээлж, сурталчилж байгаа. Угтаа бол энэ нь орчны бохирдол бууруулах гэхээс илүү угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээллээр хангах зорилго бүхий арга хэмжээ юм. Үүнийг жил болгон зохион байгуулж, төрийн албан хаагчдыг зүдрээж, төсвийн мөнгийг үнэгүйдүүлэх ч шаардлагагүй. Хэрэгжүүллээ гэхэд хороо, хэсгийн ахлагч нарт даатгахад л хангалттай. Эсвэл агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр хамруулсан газруудад л зохион байгуулж, шаардлагатай айлуудад зөвлөмж, мэдээлэл түгээхэд болчихно. Үүний оронд агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэртэй ажлуудаа эрчимжүүлэхэд л хүн хүч, санхүүгийн нөөцөө зарцуулах хэрэгтэй мэт санагдана. Үнэндээ Засгийн газар, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон утааг бууруулах чиглэлээр өнгөрсөн хавар, зун хангалттай ажиллаж чадсан уу гэвэл үгүй. “Тавантолгой түлш”-д хамаарах ажлыг давхардуулан нэрлэхээс өөр зүйл тэдэнд алга.
Дан ганц сайжруулсан түлштэй зууралдалгүй бусад эх үүсвэрт чиглэсэн арга хэмжээнүүдийг цогцоор нь хэрэгжүүлбэл үр дүнтэй гэсэн саналыг судлаач, эрдэмтэд дэвшүүлсээр ирсэн. Бусад эх үүсвэр гэдэгт агаар бохирдуулагч бодис их хэмжээгээр ялгаруулдаг тээврийн хэрэгсэл, цахилгаан станц зэрэг багтаж буй. Гэвч энэ чиглэлээр дорвитой, тууштай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үгүй. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхан хоёр жилийн өмнө л ярьж байсан автомашинаас ялгарах угаарын хэмжээг тогтоох, бууруулах төлөвлөгөөгөө өнөөдөр ч танилцуулж байна. Дэвшилтэй нь тэд ШУА-тай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.
Агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд ийм л байдлаар утаатай тэмцэж, нийслэлчүүд биднийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахаар “хичээн зүтгэж” байна.