Төлөвлөлтгүй, стандартгүй аялал жуулчлалын балгаар бохирдол, доройтолд автаж, унаган төрхөө алдсан нууруудын тоонд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон, Бүрд нуур багтаж буй. БОАЖЯ, МХЕГ зэрэг холбогдох байгууллагын судлаачид 2020 онд эдгээр нуурын усыг шинжлээд IV, V зэрэг буюу бохирдолтой, нэн бохирдолтой түвшинд байгааг тогтоож, даруй хамгаалах шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Гэвч түүнээс хойш дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэлгүй байсаар 2022 онтой золгосон юм.
Тэгвэл БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Аварга тосон, Бүрд нуур сэргээх” төсөл хэрэгжүүлж, энэ хүрээнд тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тодруулбал, эдгээр нуурыг сэргээх зорилгоор усны тохируулга хийх 2.7 метр өндөр, 3.5 метр өргөн, 139 метр урт далан байгуулжээ. Үүнд одоогоор 13 мянган шоо метр ус хуримтлуулаад буй аж. Мөн ус нийлүүлэх 3.9 км сувгийн ажил дууссан байна. Усны тохируулга хийх, хуваарилах, үзлэгийн зориулалттай 16 худгийг суурилуулжээ. Цаашид тухайн байгууламжийг хариуцах ажилтан бэлтгэх, эрчим хүчинд холбох зэрэг ажил хийх гэнэ. Усны газрын дарга Ш.Мягмар, “Усны барилга” ХХК-ийн захирал Л.Авирмэд зэрэг албаны болон мэргэжлийн хүмүүс өнгөрсөн амралтын өдөр уг ажлын явцтай танилцжээ. Аварга тосон, Бүрд нуурыг сэргээх ажилд 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ онд үүний 1.5 тэрбумаар нь бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.