Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхныг нэгтгэдэг “Horeca Mongolia conference” арга хэмжээ өнгөрсөн баасан, бямба гарагт боллоо. Энэ удаагийн чуулганыг Дэлхийн аялал жуулчлалын өдрийн хүрээнд илүү өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулсан бөгөөд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй зочид буудал, жуулчны бааз, зоогийн газрын төлөөлөл оролцов. Уг чуулганаар зочлох үйлчилгээний салбарын хөгжил, тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг онцлогтой. Харин дөрөв дэх удаагийн арга хэмжээний гол сэдэв нь хүний нөөц, үйлчилгээний чанар байв. Цар тахлын улмаас удаан хугацаанд тэг зогсолт хийсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын дийлэнх нь хүний нөөцийн хомсдолд оржээ. Үүнээс улбаатайгаар үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал хөндөгдөх болсон гэнэ. Иймд оролцогчдын зүгээс Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар зэрэг зохион байгуулагч байгууллагынхныг үүнд онцгойлон анхаарахыг зөвлөлөө.
Бэлтгэсэн И.Мишээл