“Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын 60 хувийг гүйцэтгэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн захирлыг үндэслэлгүйгээр баривчилсан хэмээн эхнэр болон өмгөөлөгч нь уржигдар орой зарим цахим мэдээллийн хэрэгслийнхэнд ярилцлага өгсөн билээ. “Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил зогссон. Энд тус компанийн захирал Д.Энхбаярын буруу байхгүй хэмээн тэд өгүүлж байсан. Гэвч тэдний ярьсан болон хууль сахиулах байгууллагынхны цагдан хорьсон үндэслэл нь өөр байгаа юм. Тодруулбал, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаярыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн аж. 2019 онд дээрх төсөлд Хөгжлийн банкны хөрөнгөөс 18 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан юм байна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа санаачилсан, цаасан дээр бичигдсэн ч бодит ажил болсон нь цөөн, “Сайншанд аж үйлдвэрийн парк”, төмөр зам, “Майдар сити” зэрэг төслийн нэг болох “Арьс ширний цогцолбор парк”-ийг 2017 оноос хэрэгжүүлэхээр болж, “Дархан аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит ХХК-ийг байгуулсан. Улмаар төслийн нэгжийн захирлаар Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирлын албан тушаал хашиж байсан Д.Энхбаяр томилогдсон байдаг. Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 18 тэрбумын хөрөнгө оруулалтыг “Дархан арьс ширний цогцолбор”-ын төсөлдөө авсан байна. Уг мөнгөнөөсөө Д.Энхбаяр нь өөртөө “Ланд круйзер-200” авснаас гадна бэр эгчийнхээ үүсгэн байгуулсан “Далай сан кредит” ББСБ-ын данс руу 700 саяын хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь нэмэгдүүлж, зээл олгон мөнгө хүүлж байсан хэрэгт буруутгагдаж буй аж. Түүгээр ч зогсохгүй төрсөн ахынхаа үүсгэн байгуулсан “Сопрэмакс” компанийн данс руу 2.1 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үйлдлийг ч хууль сахиулагчид шалгаж эхэлсэн юм билээ.
Бэлтгэсэн Г.Орчлон