Гурав хоногийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хийсэн мэдэгдэл өнгөрөгч өдрүүдэд дотоодын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татав. Тэрбээр “Ноён Ерөнхийлөгч өө, энэ дайнаа зогсоо. Прекратите войну. Би тантай олон удаа уулзаж байсан. Энэ дайныг яг одоо зогсоох хүч чадал танд л байгаа. Одоо энхийг бүтээх цаг боллоо. Орос орныг хараад миний зүрх сэтгэл эмтрэх юм. Та энэ дайныг эхлүүлснээс хойш Орос орон айдас хүйдэс, нулимсанд бүрэн автлаа. Таны дайчилгаа далай их гай зовлон дуудаж байна. Ноён Ерөнхийлөгч өө, та энэ учир утгагүй аллага, сүйтгэлээ зогсоо” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд хандсаныг олон улс онцоллоо.
Ийн англи хэлээр байр сууриа илэрхийлсэн, гурван минут үргэлжлэх түүний бичлэгийг Европ, Америк, Япон тэргүүтэй олон улсын хэвлэл мэдээллийн голлох хэрэгслүүд нэвтрүүлж, улс төрийн нөлөө бүхий зүтгэлтнүүд, судлаачид, хүний эрхийн идэвхтнүүд байр суурийг нь дэмжиж, түүнийг үнэлж буйгаа нийгмийн сүлжээгээр дамжуулав.
Мөн цэргийн дайчилгаатай холбоотойгоор Оросоос, эх орноосоо зугтаж байгаа хүмүүст хандаж тэрбээр үгээ хэлсэн юм. Ингэхдээ “Дэлхий ертөнц та нарыг гараа дэлгэж, зүрх сэтгэлээ нээн хүлээн авна. Өнөөдөр та бүхэн алмад балмад байдал, ойртон отох үхлээс зугтаж байна. Маргаашаас та бүхэн эх орноо дарангуйллаас чөлөөлөх үйлсийг эхлүүлнэ. Энэ цуст дайн эхэлсэн өдрөөс л Орост амьдарч байгаа үндэсний цөөнх хамгийн их хохирол амсаж байгаа. Буриад, тува, халимаг монголчууд аллага, хядлагад хамгийн ихээр өртлөө. Тэднийг зүгээр л дайны бай бамбай болгон ашиглаж байна. Хэдэн зуугаараа тэд шархдаж байна. Хэдэн мянгаараа тэд алагдаж байна. Бид монгол хүмүүс. Та бүхнийг бас гараа дэлгэж, зүрх сэтгэлээ нээн тосож авах болно” хэмээсэн юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жил гаруйн өмнө Дэлхийн монголчуудын холбоог үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж буй. Монгол хүн, монгол үндэстний зөрчигдсөн эрх, хохирсон эрх ашгийг улс орон, бүс нутаг, олон улсад төлөөлөх, хууль, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллахаар үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон эл байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд дээрх байр суурийг илэрхийлэх нь зүйн хэрэг биз.
Юутай ч В.В.Путинийг буруушааж, дайныг зогсоохыг шаардсан түүний үг юу юунаас илүү анхаарал татлаа. Ц.Элбэгдорж энэ цаг үед Ерөнхийлөгч байсан бол хэрхэх, одоогийн байр сууриа илэрхийлэх болов уу хэмээн сонжиж буй хүн ч нийгмийн сүлжээнд цөөнгүй байв. Түүнийг ийн байр сууриа илэрхийлж байхад Нью-Йорк дахь албан томилолтоо өндөрлүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг хэр жинтэй буусныг хүмүүс өөр өөрийнхөөрөө үнэлж, өнөөдөр ч ярьж байна. НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалахдаа Төрийн тэргүүн “Хүн төрөлхтөн алдаанаасаа сургамж авч, өнөө цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, ойлголцол, хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энхийн яриа хэлэлцээний замаар эцэслэхийг ямагт зорьж ажиллах ёстой” гэж онцолсон юм. Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд Орос, Украины асуудлаар дэлгэрэнгүй бөгөөд даацтай хэлсэн үг нь энэ.
Гэхдээ Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого бодит байдал дээр тэнцвэргүй, нэг талыг барьсан, хараат гэмээр хэрэгжиж байна гэх шүүмжлэл бас бий. Магадгүй Оросоос Украин руу довтолсноос хойших долоон сарын хугацаанд манай байр суурь, үйл ажиллагаа тодорхойгүй байсан учраас экс Ерөнхийлөгчийн үг илүү анхаарал татсан байж ч мэднэ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гуравдугаар сарын эхээр эл асуудлаарх манай талын албан ёсны байр суурийг илэрхийлэхдээ “Манай улсын байр суурь тодорхой. Үндсэн хууль болон Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Энэ зарчмаа баримтлан үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Иймд талууд дипломат яриа хэлэлцээний замаар хурцадмал байдлыг намжаах нь чухал. Шаардлагатай бол ҮАБЗ-ийн гишүүдтэй зөвлөлдөж, ойрын үед мэдэгдэл гаргана” хэмээсэн. Гэхдээ ҮАБЗ-өөс ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй л байгаа.
Энэ хугацаанд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад айлчилсан. Дайныг эсэргүүцсэн манай иргэд жагсаж, Элчин сайдынх нь яамны байрны гадаа эсэргүүцлийн үйл ажиллагааг 33 удаа зохион байгуулжээ. Гэхдээ тэр бүр нь тайван, сайхан болсон уу гэвэл үгүй. Цагдаа, хүчний байгууллагынхантай ойлголцоогүй тохиолдол цөөнгүй. Хойд хөрштэй хамтарсан цэргийн хээрийн сургуулилалтыг манай улс нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ОХУ-ын Владивосток хотноо болсон “Восток” сургалтад ч манай албан хаагчид оролцсон юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш манай улсад албан ёсны айлчлал хийв. Ингэхдээ дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй цаг дор энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэр илэрхийлснийг манай удирдлагууд байн байн эшлэх болсон. Сая Төрийн тэргүүн ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ ч үүнийг дурдаад авна лээ.
Нөгөө талаас манай улс Украины асуудлаар олон улсын өмнө нэг бус удаа түдгэлзсэн байр суурь илэрхийлээд буй. ОХУ Украинд халдан довтолсныг нэн даруй зогсоох асуудлаар эхлээд гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейд санал хураахад 193 орноос 141 нь дэмжиж, 35 нь түдгэлзсэний нэг нь Монгол байв. Дараа нь мөн сард дайны галыг даруй зогсоох, иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар тогтоол гаргах, эсэх талаар НҮБ-ын Ерөнхий ассамблей дахин санал асуулга явуулахад 193 орноос 140 нь дэмжиж, 38 нь түдгэлзсэн юм. Түдгэлзсэн улсуудын нэг нь бас л манайх. Харин сая Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд цахимаар оролцуулж, үг хэлүүлэх, эсэх талаар санал хураахад манай улс аанай л түдгэлзэв. Гэхдээ Украины Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн 193 улсын 101 орны дэмжлэгээр үгээ хэлсэн. Ингэхдээ тэрбээр түдгэлзэх санал өгсөн орнуудыг өөрийнх нь мэдэгдлээс “айсан”, “дүр эсгэсэн, хувийн ашиг сонирхлоо хамгаалагчид” хэмээн тодорхойлсон юм.
Үнэхээр ч ардчилсан улсын хувьд дайтагч талуудын нэг нь цахимаар үгээ хэлье гэхэд яагаад тов тодорхой байр суурь илэрхийлж болоогүй гэж. Үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түүнийг сонсох нь ардчиллын амин сүнс биш бил үү. Бусдын үзэл бодлыг сонсох, хүндэтгэх үнэт зүйлийг өнөөдрийг хүртэл “ардчиллын баянбүрд” гэгддэг манай улс өөрийн болгож чадаагүй хэрэг үү. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг ингэж хэрэгжүүлдэг юм уу гэх мэт олон асуулт тавимаар байна.
Юутай ч энэ бүхний дараа экс Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл манай улсын нэр хүнд, ардчиллын оноог ахиулна уу гэхээс хойш татахгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч ертөнцийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх урилгыг ардчилсан улсын Төрийн тэргүүний хувиар НҮБ-ын индрээс дэвшүүллээ. Төрийн тэргүүн байсан, байгаа, аль нэг намын нөлөө бүхий лидер, эсэхээс үл хамааран үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө энэ улсын энгийн иргэнд ч байгаа бол түүнийгээ хамгаалан, хайрлах нь хамгийн чухлыг илүүтэй сануулж байна. Бие даасан, тусгаар тогтносон улсын тодорхой байр суурийг сонсох нь өөрийн иргэдэд ч, өөр бусад орныхонд ч үл ойлголцол үүсгэхгүй нь лав.