Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн баасан гаригийн шөнө нэг гэрт байсан дөрвөн хүн амиа алджээ. Тус сумын Цагдаагийн хэлтсийнхнээс энэ талаар лавлахад “Замын-Үүд сумын III багт иргэн Г-гийн дөрвөн ханатай гэр шатсан хэрэг гарсан. Үүний улмаас дөрвөн хүний амь нас хохирсон. Тэнд гэрийн эзэн Г, эхнэр О болон тухайн айлд очоод байсан М, Б гэх 35-38 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс амиа алдсан.
Тэднээс гурвынх нь хаана юу хийдэг, хэзээ ирсэн гэдгийг нь тогтоогоод байна. Гал гарч хүний амь хохирсон гэх дуудлага энэ сарын 11- ний 23.50 цагт цагдаа, онцгой байдлын байгууллагад ирсэн. Галын шалтгааны талаарх дүгнэлт хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар яндангийн цонолтоос болсон гэж үзэж байгаа” гэлээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нарын гурав нь садан төрлийн хүмүүс байжээ.