Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан энэ сарын 15-наас сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн холбогдох байгууллагынхан сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах, нөөц бүрдүүлэх ажлыг хариуцдаг. Түүнчлэн түлшний чанарыг орхигдуулалгүй, долоо хоног тутамд хяналт тавьж байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн тодотголоо.
Тэрбээр “Манай мэргэжлийн хяналтын байгууллага “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй болон агуулахад хадгалж байгаа түлшний чанарт байнгын хяналт тавьж байна. Нийт 32 агуулах болон үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилсэн. Энэ оны 4-9 дүгээр сард үйлдвэрлэн, өдгөө хадгалж буй түлшнээс дээж авч шинжлээд буй. Стандартад дурдсанаар сайжруулсан түлшний чийглэг зургаан хувиас ихгүй, илчлэг 4800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. 4-7 дугаар сард баруун бүсийн үйлдвэрт үйлдвэрлэж, агуулахад шилжүүлсэн түлшний чийглэг 1.1-2 хувь, илчлэг 6000-6400 ккал, бат бөхийн үзүүлэлт 93-98 хувьтай гарсан нь маш сайн үзүүлэлт юм. Баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн I шугамаас гарсан бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан. Чийглэг ийм өндөр байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан. Зүүн үйлдвэрийн тухайд түлшний чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6200-6300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгалийн 60 цагийн хатаалгад оруулсан. Тэндээс авсан шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бэх чанар нь 85 хувьтай гарсан. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш гэж үзлээ” гэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа “Чингэлтэй дүүрэгт 71, Сүхбаатарт 44, Баянзүрхэд 100, Сонгинохайрханд 146, Хан-Уулд 41, Баянголд 22, Налайхад 26, нийт 450 цэг үйл ажиллагаагаа эхлээд байна. Цэгүүдэд нийт 1676.7 тонн түлшний нөөц бий. Түлшний захиалга өдөр тутам авч байгаа. Өдрийн захиалга 1600 орчим тонн буюу одоохондоо бага хэмжээтэй байна. Баруун, зүүн үйлдвэрийнхэн нийлээд өдөрт 1900 тонн түлш үйлдвэрлэж буй. Одоогоор нөөцөлсөн түлшний хэмжээ 110 553, мидлинг 227 681, барьцалдуулагч 2059 тонн, шуудай 1 204 691 ширхгийг нөөцөлсөн. Налайхын 7000 гаруй өрхийн 4000 гаруйд нь хэрэглэгчийн карт тараагаад байна” хэмээлээ.
Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг багтаасан. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд тус дүүрэгт ажиллаж, айлуудад сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, заавар хүргэжээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагчид сар тутамд шинжилгээ хийж байгаа аж.