Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн, Хомын талын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, Бөхөн хамгаалах сүлжээ багийн судлаачидтай хамтран дөрвөн шаргачин, нэг оонод сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Энэ нь бөхөнгийн шилжилт хөдөлгөөн, байршлыг тогтоох зорилготой гэнэ. Тодруулбал, хоёр жижиг популяц болон үндсэн цөм сүргийн хооронд шилжилт хөдөлгөөн бий, эсэхийг тандах зорилгоор үүнийг зүүжээ. Дээрх байгууллагынхан 2018 онд ийм судалгаа хийсний үр дүнд үндсэн сүргээс ангид популяц байршдаг 198 мянган га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авхуулсан юм. Энэ удаагийнх ч ийм үндэслэл боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулахад чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцлов. Түүнчлэн хүзүүвч зүүсэн бөхөнд бог малын мялзан төст болон бусад халдварт өвчний дархлаа тогтсон, эсэхийг судлахаар цусны шинжилгээ авсан байна.