Түгжрэл бууруулах түүхэн төсөв болох 420 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь нийтийн тээврийн парк шинэчлэл. Засгийн газрын тэргүүн эл ажилд онцгой анхаарахаа мэдэгдэж, уг салбарт цогц шинэчлэл хийх хугацаатай үүрэг даалгавар холбогдох албаныханд өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга болон түүний багийнхан ч энэ дагуу хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулснаа танилцуулж, “Парк шинэчлэлийг 2024 он хүртэл үе шаттайгаар хийнэ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй автобуснуудын 60 гаруй хувийг нь 2022 онд багтаан шинэчилнэ” хэмээн мэдээлсэн.
Түүнчлэн “Парк шинэчлэл хийлгүй удсанаас нийт автобусны 70 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй болсон. Хамгийн сүүлд 2009 онд 300 автобус авснаас хойш нийтийн тээврийн салбарт дорвитой хөрөнгө оруулаагүй. Түгжрэлийн асуудлыг ул суурьтай шийдэх хэмжээний төсөв хуваарилуулж чадсан учир энэ удаа парк шинэчлэлийг эрчимтэй урагшлуулах хэрэгтэй” гэж том дуугарч байлаа, тэд. Хот хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар уржигдар “Нийтийн тээврийн тав тух, аюулгүй байдлыг хангавал иргэдийн 75 хувь нь автобусаар зорчино. Энэ онд ядаж 50 хувийг нь шинэчлэх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн. Харамсалтай нь, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил тэдний ярьсан шиг хурдтай, төлөвлөсөн шиг нь яг таг хэрэгжихгүй байна. Автобуснуудын 60 орчим хувийг энэ жилдээ багтаан шинэчилнэ гэдэг зорилтоо ч хэрэгжүүлж чадахгүй нь бололтой.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өнөө жил 591 автобус авахаар төлөвлөсөн. Гэвч одоогийн байдлаар ердөө 75-ыг нь аваад байна. Тодруулбал, эл ажлын гүйцэтгэл 12.6 хувьтай гэсэн үг. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар 10 хүрэхгүй хоногийн өмнө “Цар тахал, дайн, дэлхийн эдийн засгийн хямрал зэргээс үүдээд парк шинэчлэлийн ажил саатлаа. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сард үлдсэн 500 гаруй автобусаа оруулж ирнэ” хэмээн мэдээлж байсан юм. Харин уржигдар түүнээс уг ажлын явц ямар байгааг тодруулахад “Арваннэг, арванхоёрдугаар сард багтаан 200 автобус л авахаар боллоо. Шаардлагатай санхүүжилтийг нь шийдсэн” гэсэн товч хариулт өгөв.
Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнээс үүнийг лавшруулан асуухад бодитой мэдээлэл гэв. Тэрбээр “Түгжрэл бууруулахад төсөвлөсөн 420 тэрбум төгрөгөөс 80 тэрбумыг нь нийтийн тээврийн парк шинэчлэлд хуваарилсан. Энэ бол урьдчилгаа төдий маш бага мөнгө. Үлдсэн санхүүжилтийг нь зээлээр шийдэхээр төлөвлөсөн ч хүндрэл учирсан. Нийслэл болон Сангийн яамныхан сүүлийн саруудад энэ асуудлаар удаа дараа хуралдаж, хэлэлцсэний үр дүнд шийдэл оллоо. Гэхдээ санхүүжилтийг бүрэн шийдээгүй. Оны сүүлчээр оруулж ирэх автобусны тоо 200 болж буурсан нь санхүүжилт хүрэлцээгүйтэй холбоотой” гэсэн юм. Нийтийн тээврийн салбарт автобусны буудлаас нь эхлээд цогц шинэчлэл хийнэ хэмээн “чанга” дуугарсан хүмүүсийн ам, ажлын зөрүү, төлөвлөгөө болон хэрэгжилт бодит байдалд өдгөө ямар байгааг эндээс харж болох нь. Үүнийг тодотгох бас нэг жишээ дурдъя.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй автобуснуудыг шинэчлэх болсон гол шалтгаан нь иргэдэд тав тухтай, аюулгүй унаагаар зорчих боломж бүрдүүлэх юм. Үүнийг дагаад үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж байгаа. Дараагийн шалтгаан нь насжилт өндөр, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг халах замаар агаар бохирдуулагч бодис, тэр дундаа тоос, тоосонцрын хэмжээг бууруулах байв. Тиймээс ч хотын дарга шинэ автобус худалдаж авахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүрээлэн буй орчинд халгүй гэсэн хоёр гол шалгуурыг чухалчлахаа онцолж байсан юм.
Нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо “Парк шинэчлэлийн хүрээнд ирэх оноос нийтийн тээвэрт 500 цахилгаан автобус явуулж эхэлнэ” гэж байв. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь “Daewoo” компанийн төлөөлөгчид болон Нийтийн тээврийн газрын даргыг хүлээн авч уулзахдаа “Нийтийн тээвэрт шинэчлэл хийхдээ цахилгаан болон дизель хөдөлгүүрт автобусыг хослуулна. Ер нь цаашид ихэвчлэн цахилгаан автобус нэвтрүүлэх бодлого баримталж байгаа” гэж онцолсон. Түүнчлэн Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд дизель түлшээр явдаг нийтийн тээврийн хэрэгслүүдийг хий болон цахилгаанаар ажилладаг автобусаар солих ажлыг хэрэгжүүлэхээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, “Газком холдинг”, “Евро хан” ХХК нийслэлтэй гэрээ байгуулаад буй. Үндсэндээ парк шинэчлэлийн гол зорилгуудын нэг нь хотын даргын хэлсэнчлэн хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл буюу цахилгаан автобус нэвтрүүлэх байв. Харамсалтай нь, Ч.Батзориг зөвлөхийн хэлсэн 500, Ж.Сандагсүрэн орлогчийн дурдсан “дийлэнх” хэмээх тодорхойгүй тоо цаасан дээр буухдаа 150 болж цөөрчээ. Өөрөөр хэлбэл, энэ онд худалдаж авахаар төлөвлөсөн 591 автобусны 150 нь цахилгаан, 441 нь дизель хөдөлгүүртэй байхаар тооцжээ. Гэтэл одоо энэ зорилтынхоо 10 хувийг ч биелүүлж чадаагүй байна. Эхний ээлжид нэвтрүүлсэн 75 автобусны ердөө 10 нь (давхар автобус) л ийм гэнэ. Ирэх сард оруулж ирэх 200 автобус ч дан дизель хөдөлгүүртэй аж.
Цахилгаан автобус нэвтрүүлэх бодлого баримталж буй гэх атлаа яагаад өөр сонголт хийх болов. Нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас энэ асуултад бодитой хариулт авч чадсангүй. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бэрхшээл, зовлон тоочсоор тавьсан асуултыг минь “төөрүүлж” орхив. Дээрх албан тушаалтнуудын нэг нь гэхэд эхний ээлжийн 75 автобусны хэд нь цахилгаан, дизель хөдөлгүүртэйг мэдэхгүй будилахдаа туслахаа баахан зандарна лээ. Ямартай ч 2022 онд цахилгаан хөдөлгүүртэй автобус 150, ирэх жил 350-ийг авахаар төлөвлөснийг хэлсэн юм.
Дэлхийн дулааралд үлэмж нөлөө үзүүлдэг хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахыг зорьж буй улс орнууд дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл, ялангуяа автобуснаас татгалзах бодлого баримталж байна. Энэ нь бензин хөдөлгүүртэй ижил эрчим хүч гаргадаг боловч ялгаруулах бодис, учруулах хор хөнөөлийн хэмжээгээрээ илүү. Дизелийн найрлагад байдаг парафин зэрэг хүнд элементүүд ноцох явцдаа их хэмжээний тортог ялгаруулдаг нь хүний эрүүл мэндэд хамгийн аюултайд тооцогддог азотын давхар исэл болон нарийн ширхэгт тоосонцор ихсэх гол шалтгаан болдог. Үүнээс үүдээд шүүлтүүртэй дизель хөдөлгүүрт машины эрэлт сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Гэвч манай улс хуучин загварын дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлтэй “зууралдсаар”, тэдгээрт утаа шүүгч,тортог устгагч суурилуулах янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрэв. Энэ онд эхлүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэл ч ялгаагүй дизель хөдөлгүүрт дийлджээ.