Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошуу дэд төв орчимд таван айлын газар чөлөөлж “Орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлтийн төсөл”-ийн хүрээнд 20 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.
Тус барилга нь А, Б блоктой 2-3 өрөөний зохион байгуулалттай баригдаж гадна тохижилт, авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чийрэгжүүлэлтийн талбайн тоног төхөөрөмж суурилуулах, ус дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбох зэрэг ажлууд бүрэн хийгдэж дууслаа. Төслийн хүрээнд дэд бүтцэд холбогдсон 20 айлын орон сууц ашиглалтад орсноор иргэд тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдсэн загвар хотхон бий болж байгаагаараа онцлог юм.
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, төвлөрлийг бууруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- төсөл хэрэгжиж дэд төвүүдийг байгуулах, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Тус ажлыг азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Томо бюлдинг” ХХК болон “Саруул сайхан” ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлсэн аж.