Туул голын сав газрын захиргааныхан усны нөөц хомсдох, бохирдох эрсдэлээс сэргийлэх зорилтот ажлын хүрээнд өнгөрсөн долдугаар сараас орон нутагт хяналт шалгалт зохион байгуулж, хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан 10 орчим компанийг шалгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, заримынх нь ус ашиглах эрхийг цуцалсан. Харин одоо тус газрынхан ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтарсан шалгалтыг орон нутагт эхлүүлээд байна. Шалгалтын багийнхан энэ сарын 19, 20-нд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт ажиллажээ. Тус сумын Туулын дэнж хэмээх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэн Б, О нарын давтан үйлдлийг энэ үеэр таслан зогсоож, техник хэрэгслийг нь битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Эдгээр газрынхан цаашид Төв, Сэлэнгэ, Хэнтий аймаг болон нийслэлд хяналт шалгалтын ажлаа үргэлжлүүлэх юм байна.
Бэлтгэсэн И.Мишээл