Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш ой, хээрийн түймэр 122 удаа гарч, 1.2 сая гаруй га талбай галд өртжээ. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай гэсэн 15 аймгийн 58 сумд нийт 118 удаа ой, хээрийн түймэр дэгдсэн байна. Мөн нийслэлийн дөрвөн дүүрэгт түймэр гарчээ. Галд өртсөн газрын 9917 га нь ой, бусад хэсэг нь хээрийн бүсийг хамарсан аж. Түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 78.8 хувиар нэмэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаануудад онцгой байдлын, хил хамгаалах, цагдаагийн байгууллагын алба хаагч болон орон нутгийн иргэд нийлсэн 5252 хүн оролцсон байна. Өчигдрийн байдлаар Сэлэнгэ, Баян- Өлгий аймгийн тус бүр нэг сумд ой, хээрийн түймэр асаж байлаа. Тухайлбал, Сэлэнгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт энэ сарын 20-нд ой, хээрийн түймэр гарчээ. Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19, 40 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид өчигдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байлаа. Мөн Баян-Өлгийн Алтай сумын Даваат гэдэг газарт хээрийн түймэр дэгджээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид галыг унтраахаар газар дээр нь ажиллаж буй гэнэ.
Ташрамд дурдахад, намрын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг ногоон бүсэд сонор сэрэмжтэй зорчихыг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.
Бэлтгэсэн М.Оч