Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах санам бичгийн хүрээнд Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчдын Байгаль орчин, аялал жуулчлалын салбар дахь ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдаж, төгссөн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээ баталгаажуулалтыг зохион байгууллаа.
Тус үнэлгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Д.Болортуяа, үнэлгээний ажилтнаар Эрдэмтэн агрономич А.Оюунгэрэл, мэргэжлийн сургагч багш Н.Галбадрах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн агрономич Ж.Мөнхбаяр нар удирдлага арга зүйгээр ханган ажиллаа.
Хилийн цэргийн 0101-р ангийн ахмадын хорооны дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Нямсүрэн ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Түүнийхээ дагуу хугацаат цэргийн албан хаагчдад мод үржүүлгийн талаарх сургалтыг явуулж, тус сургалтад хамрагдсан хугацаат цэргийн албан хаагчид ур чадвараа үнэлүүлж байгаа юм.
Үнэлгээ онол болон, ур чадварын сорилоор явагдана. Онолын үнэлгээнд 70 хувиас дээш, ур чадварын үнэлгээнд 85 хувиас дээш үнэлэгдсэн тохиолдолд чадамжтай гэж үзэн чадамжийн гэрчилгээ олгох юм.
Тус анги нь “Тавт” мод үржүүлгийн агропарк байгуулсан ба ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдсан хугацаат цэргийн албан хаагчид болон, ангийн нийт бүрэлдэхүүн 1.5 га газарт нарс-90000ш , бургас-75000ш, улиас-45000ш, мөн агч,хайлаас, буйлс зэргийг үрийн тариалалтаар тус тус тарьж бойжуулсан төдийгүй бусад агропарк болон, хил хамгаалах байгууллагын ангиудад модны үр, харандаан суулгац зэргийг бэлтгэн нийлүүлээд байгаа юм.
Цаашдаа Хилийн цэргийн 0101 ангийн агропарк Хил хамгаалах байгууллагын зүгээс санаачлан зохион байгуулж буй “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд ирэх 2023 оноос тал хээрийн бүсийн хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, байгалийн гамшигт үзэгдэл, цас, бороо, шороон шуурга, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор бусад хил хамгаалах байгууллага, говь хээрийн агропаркуудад модны үр, тариа, харандаан суулгац зэргийг бэлтгэн нийлүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.
Уг ойжуулагч мэргэжлийн сургалтыг цаашдаа тогтмол явуулж хугацаат цэргийн албан хаагчдыг нэг жилийн хугацаанд давхар мэргэжилтэй болгож, ур чадварыг нь үнэлүүлэн чадамжийн гэрчилгээ олгох ажлыг хил хамгаалах байгууллагаас онцгойлон анхаарч ажиллаж байгаа билээ.