БОАЖ-ын сайд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барих албан даалгавар хүргүүлээд буй. Нийслэл, орон нутаг дахь шатахуун түгээх станцууд үүнийг хэрэгжүүлж, модон жорлонгоо эко ариун цэврийн байгууламжаар сольж эхэлсэн. Тэгвэл сайдын дараагийн албан даалгавар тусгай хамгаалалттай бүс дэх нүхэн жорлонгуудыг халахад чиглэжээ. Тодруулбал, гол, мөрний сав газарт барьсан стандартын бус ариун цэврийн байгууламжийг буулгах, устгах арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах чиглэлийг хамгаалалтын захиргаадын удирдлагад өгчээ. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа уг албан даалгавартай холбогдуулан Модот булан, Жанхайн ам, Чулуут зэрэг газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, энэ сарын 30-ны дотор модон жорлонгоо буулгахыг анхааруулсан байна. Завхан аймгийн ЗДТГ, БОАЖГ-ынхан холбогдох албаны хүмүүстэй хамтран Тосонцэнгэл сумын Хожуул гол дагуух 14 жорлонг буулгаж, тухайн хэсэгт ариутгал хийжээ.