Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсноос гэмт хэрэгт холбогдох, гэмт халдлагын хохирогч болох явдал олонтаа тохиолддог. Ийм нэгэн хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2007 онд гарчээ. 2007 оны наймдугаар сарын 1. Чингэлтэй дүүргийн XIII хорооны нутаг, Сургуулийн 34 дүгээр гудамжинд амьдардаг Д.Ц гэх эр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байх ээжийндээ согтуу унтаж байтал цагдаагийнхан очиж түүнийг баривчлав. Түүнийг баривчлахдаа “Иргэн Ж.Ц гэх эмэгтэйг өөрийнхөө гэрт танхайн сэдэлтээр согтуудаа зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулж хөнөөсөн” хэмээн буруутгасан байна. Мөрдөн байцаалтын явцад талийгаач Ц тархины цус харвалт, уушгины дээд дэлбэнгийн няцралт зэрэг олон тооны шархны улмаас амиа алдсан гэж дүгнэжээ. Улмаар хохирогчийн үтрээнээс ОАВ II бүлгийн цустай хүний үрийн шингэн олдсон байна.
Чингэлтэй дүүргийн шүүх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллага уг хэргийг шалгах явцдаа хэт нэг талыг барьсан, зайлшгүй шалгаж тогтоох ёстой зүйлийг орхигдуулснаас гэмгүй хүн хилсээр хэрэгт шийтгүүлэхэд хүргээд байжээ. Уг хэргийн холбогдогч Ц-д Чингэлтэй дүүргийн шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргасныг Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд гэм буруугүй гэж үзэж, цагаатгасан байна. Цагдаагийн байгуул лагынхан энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа шүүгдэгч Ц-гийн хэлсэн “Манай гэрийн хананд байнга өлгөөстэй байдаг түлхүүрийг авч намайг явсан хойгуур хэн нэгэнтэй манайд очсон байх магадлалтай. Би талийгаачийг зодож хөнөөсөн бол миний өмсөж явсан хувцас цус болох ёстой шүү дээ. Гэтэл миний бие, хувцас, өмд зэргээ би солиогүй, тэр хувцастайгаа цагдан хоригдсон. Хувцсанд минь ямар ч толбо байгаагүй. Түүнээс гадна талийгаачийн үтрээнээс олдсон үрийн шингэн ОАВ II бүлгийн цустай хүнийх. Гэтэл миний цусны бүлэг А I.
Шүүх хурлын үеэр манай гэрээс олдсон жинсэн як, судалтай өмд зэрэг нь минийх биш, өөр хүнийх байсныг шалгаагүй, түүгээр ч зогсохгүй анхан шатны шүүх хурлын үеэр уг хувцсыг нотлох баримт шинжлэн судлах үеэр огт үзүүлээгүй алга болсон” гэжээ. Түүнээс гадна цагдаа гийн байгууллагынхан талий гаачийн цогцос байсан газраас олдсон архины шил, гурван стакан аяганаас хурууны хээ авалгүй алга болгосон байжээ. Улмаар Ц-г хэрэгт буруутай гэж харагдуулахын тулд цагдаагийн байгууллагынхан түүний огт өмсөж яваагүй, гэрээс нь олдсон жинсэн як, судалтай хар өмдтэй явсныг тайлж орхисон гэж гэрч гэх хүнээр хэлүүлсэн байна. Түүгээр ч зогсохгүй ээжээр нь “Ц ууртай догшин зан ааштай” гэж мэдүүлэг өгүүлсэн аж.
Мөрдөн байцаагч нь Ц-гээс анхны мэдүүлэг аваад, түүнээс хойш нэг ч мэдүүлэг аваагүй атлаа хоёр дахин мэдүүлэг авсан хэмээн нэмж мэдүүлэг бичсэн байсан гэж Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ. Ц талийгаачийн үр хүүхдүүдийг бодоод нэхэмжилсэн хохирлыг нь төлж, өөрийгөө хилс хэрэгт буруутгагдаж буйгаа ч хэлсэн байна. 2007 оны долдугаар сарын 31-ний 22.18 цаг. Ц-гийн гэрийн хашааны гадна нэг эмэгтэй нас барсан байна гэсэн дуудлагаар цагдаагийнхан очиж шалгаад бусдад зодуулж амиа алдсан болохыг тогтоожээ. Уг хэрэгт Ц-г холбогдуулсан үндэслэл нь тэрбээр талийгаачтай хэрэг гарсан дээрх өдөр 13.00 цагийн үед талийгаачийн гэрт очиж архи ууж, буцаж хамт гарсан байна. Тэндээсээ гараад Ц-д ирж дахин архи уусан аж. Гэтэл Ц “тасарч” нэг мэдсэн чинь Сонгинохайрхан дүүргийн нутаг, I хорооллын ард байдаг ээжийндээ ирээд унтаж байжээ. Түүнээс хойш тэрбээр Ганц худагт 904 хоног буюу гурван жил орчмыг өнгөрүүлсэн байх юм. Давж заалдах шатны шүүх уг хэргийг шүүгдэгч Ц болон түүний өмгөөлөгч Ц.Итгэл нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн байна.
Давж заалдах шатны шүүгчид “Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж удаан хугацааны турш шалгаж, хэрэгт ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг тогтоосон боловч Ц уг хэргийг үйлдсэн гэх шууд нотлох баримт байхгүй. Түүнийг сэжиглэх болсон үндэслэл, нотлох баримт, тэдгээрийн хоорондын харилцан хамааралтай байдал нь юунаас болж гэмт хэрэгт гарсан, хэрхэн үйлдэгдсэн нь тогтоогдохгүй байна. Эргэлзээтэй зүйл ч их байгаа бөгөөд түүнийг нь эцэслэн тогтоох боломжгүй болсон” гэж дүгнэжээ.
Тухайлбал, хохирогч эмэгтэйн үтрээнээс А II бүлгийн цустай хүний үрийн шингэн илэрсэн. Талийгаач болон хэрэгт сэжиглэгдсэн Ц нарын цусны бүлэг А I болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн Ц-гийн гэрээс олдсон жинсэн як хэнийх болох нь тогтоогдоогүй, цогцосны ойролцоогоос олдсон гурван ширхэг аяга, архины шил, лаа зэргийг шалгаагүй, Ц-гийн нэг түлхүүр алга болсон гэсэн гэрчийн мэдүүлгийг шалгаагүй байна гэж шүүгчид үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц-г нэн даруй суллах шийдвэр гаргаж, иргэн Ж.Ц-гийн амиа алдсан хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн байна. Архи гэгч савнаасаа бусдыг дийлдэг идээнээс болж гэмт хэргийн холбогдогч болж 22 жилийг шоронд өнгөрүүлэх шахсан хэргийг Улсын Дээд шүүх удахгүй хянан хэлэлцэх юм байна.
Г.РАВЖАА