Улсын гуравдугаар төв эмнэлгийн цахим бүртгэлийн хэсгийнхэн иргэдэд үйлчилж буй байдал нэг л биш ээ. Цахимаар бүртгэгчид нэгэн эгнээнд зэрэгцэн суух аж. Тус бүртээ өмнөө суугаа иргэдтэй шилэн мэт хаалтын цаанаас харилцаж, хэлснийг нь зөв сонсох гэж зүдрэх юм. Үйлчлүүлэгчид тэднээс, бас хажуу дахь хүнээсээ чанга ярихгүй л бол бүртгэгч сонсохгүй. Нийт таван бүртгэгч, тэдгээрийн өмнөх таван иргэн гээд арвуул харилцахаар нэг нэгнээ давах гэсэн дуу тэр хавиар нэг хадна. Анзаарахад цахим бүртгэлийн өрөө буюу танхим нэлээд том аж. Таван бүртгэгчийг таван тийш салган суулгаад хэн, хэндээ амар, орчин тойрныхонд ч саад болохгүйгээр үйлчилж болмоор харагдах юм. Элдэв халдварын аюулаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай цаг үед, тэгээд ч хэн, хэнийхээ цагийг хэмнэх үүднээс энэ мэтийн санаачилга, шийдлийг бусдаар хэлүүлэлгүй гаргачихмаар сан. Аливаа үйлчилгээг хүний төлөө, сэтгэл ханамж, аюулгүй байдлыг хангах гэсэн хандлагад суурилуулбал болохгүй, бүтэхгүй зүйл үгүй санагдана. Ядаж л хоорондын зай бариулах зарчим хаачив.