Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн амралтын өдөр “Чингис хаан” музейн үйл ажиллагаа, тохижилт, дотоод засварын ажилтай танилцсан бөгөөд удахгүй нээлтээ хийхээр бэлтгэлээ базааж байгааг дурдсан юм. Тэгвэл музейн хамт олон ирэх сарын 11-нээс эхлэн үйлчлүүлэгчдийг хүлээж авах тов гаргаснаа өчигдөр албан ёсоор мэдээллээ. Одоогоор уг барилгад дотоодын музей, номын сан, архивын байгууллага, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдээс 12 500 орчим биет үзмэр, эд өлгийн зүйлийг шилжүүлэн, байршуулаад буй гэнэ. Түүнчлэн Монголын хаад, язгууртны түүхэнд холбогдох үнэт дурсгалуудын хуулбарыг 10 гаруй улсаас хууль ёсны дагуу авч, үзмэрийн танхимдаа дэглэн тавьжээ. Ташрамд дурдахад, “Чингис хаан” музейн барилга талбайн хэмжээгээрээ Азид тавдугаарт эрэмбэлэгдэхээр том аж.