Нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээг өөрчилж, автобуснуудад бэлэн мөнгөний хайрцаг байршуулах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргасан гэнэ. Энэ бол нийслэлийн удирдлагын таван жилээр ухарсан шийдвэр юм. Дээрх шийдвэрийг гаргасан гол шалтгаан нь иргэд автобусаар зорчихдоо карт хэрэглэхгүй, жолоочид мөнгө төлөөд байгаатай холбоотой аж. Харин хайрцаг байршуулснаар иргэдийн төлсөн бэлэн мөнгө жолоочийн халаасанд ордгийг таслан зогсоох юм байх. Улмаар тус салбарын орлого нэмэгдэнэ гэсэн үндэслэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан дурдлаа. Гэхдээ ийнхүү шийдвэрлэлээ гээд ухаалаг картын системийг халчихаж байгаа хэрэг биш. Иргэд картаа уншуулж, зарим тохиолдолд бэлэн мөнгөөр үйлчлүүлж болно хэмээн биднийг басамжлав. Ингэлээ гээд үнэхээр нийтийн тээврийн орлого нэмэгдэх үү, тийм бол хэдэн төгрөгөөр өсөх вэ гэсэн судалгаа, тооцоо тус газрынханд лав алга. Нийслэлийн ИТХ ч шийдвэрээ ямар тооцоонд үндэслэн гаргасан нь тодорхой бус. Хотын дарга захирамж гарган баталгаажуулснаар үүнийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм билээ.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 2015 онд төлбөрийн ухаалаг систем нэвтрүүлж, иргэд “U-money” карт уншуулан зорчдог болсон билээ. Түүнээс хойших хоёр жил орчмын хугацаанд автобуснуудад бэлэн мөнгөний хайрцаг байршуулсан. Энэ нь иргэдийг ухаалаг карт хэрэглүүлж хэвшүүлэх шилжилтийн үе байсан аж. Уг шилжилтийн үеийг дууссан гэж үзээд, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд бэлэн мөнгөний хайрцгуудыг автобуснуудаас хураан авч байв. “Нийтийн тээвэр ухаалаг системд бүрэн шилжлээ” гэж холбогдох албаныхан тухайн үед мэдээлсэн билээ. Харин өдгөө ухаалаг системээ үл ойшоож, өмнөх түвшиндээ буцан очих гэж байна.
Нийтийн тээврийн ухаалаг системийг хариуцан ажилладаг “Улаанбаатар смарт карт” компанийнхан бэлэн мөнгөний хайрцаг байршуулах нь оновчтой шийдэл биш гэдгийг онцолсон. Тус компанийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Автобуснуудад мөнгөний хайрцаг байршуулах талаарх албан ёсны мэдээлэл одоогоор манай компанид ирээгүй. Нэгэнт нийслэлийн ИТХ-аас шийдвэрлээд, Засаг дарга захирамж гаргачихвал бидний хувьд хэрэгжүүлэхээс өөр аргагүй болно л доо. Гэхдээ энэ нь зөв шийдэл огт биш гэдгийг хэлмээр байна. 2017 онд бэлэн мөнгөний хайрцгуудыг хоёр үндэслэлээр хураасан юм. Нэгдүгээрт, жолооч нар хайрцгийг ухаж, бэлэн мөнгө хулгайлах нь түгээмэл болсон. Баримтууд нь одоо ч манайд бий. Хоёрдугаарт, иргэдийн бүдүүлэг үйлдэл хэрээс хэтэрсэн. Дутуу, урагдсан, тал, мөнгө, хуурамчаар хэвлэсэн цаасыг ч хайрцагт хийдэг байлаа. Мэдээж мөнгөний хайрцаг байршуулчихвал ийм асуудлууд дахиад л тулгарна. Тиймээс л үүнийг маш буруу шийдэл гэж харж байна” хэмээн ярив. Түүнчлэн тэрбээр ухаалаг үйлчилгээний давуу талыг “Манай компанийнхан 2015 оноос нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлсэн. Уг зорилго маань бүрэн биелсэн гэж боддог. Тухайлбал, өмнө нь огт цуглуулж чаддаггүй байсан зорчигч тээврийн мэдээллийг өдгөө нэгтгэдэг болсон. Аль чиглэлд хамгийн олон хүн, хэдэн цагийн үед зорчиж байна гэх мэт статистикийг бид өдөр тутам нэгтгэж байгаа. Үүнд тулгуурлан, нийтийн тээврээ оновчтой, ухаалгаар төлөвлөх боломжтой. Гэтэл уг мэдээллийн санг холбогдох байгууллагынхан нь ашиглахгүй, төлөвлөлтөө гаргахгүй байна. Харин ч бүр ухаалаг шийдлээсээ ухрах алхам хийлээ. Нийтийн тээврийн орлого багасаж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг мөнгөний хайрцаг байршуулснаар шийдэхгүй. Зөв, оновчтой бодлого хэрэгжүүлэх нь л чухал” хэмээн тайлбарласан юм.
Улаанбаатар хотын хэмжээнд өдгөө 100 гаруй чиглэлд 1000 орчим автобус явуулж буй гэнэ. Өмнө нь ашиглаж байсан 1200 хайрцаг одоо ч бий бөгөөд автобуснуудад байршуулахад бэлэн гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан хэлэв. Бас уг үйлдлээ “Хайрцаг байршуулахад илүү зардал гаргахгүй. Өмнө нь ашиглаж байснаа хэрэглэнэ” хэмээн зөвтгөлөө. “Ер нь ойролцоогоор нийт зорчигчийн хэдэн хувь нь жолоочид бэлэн мөнгө өгч, салбарын хэмжээнд хэр их алдагдал хүлээдэг вэ. Улмаар бэлэн мөнгөний хайрцаг байршуулснаар энэ алдагдлаа хэрхэн нөхөх талаарх тооцоо судалгаа бий юү” хэмээн дээрх газрынхнаас тодруулахад “Нарийвчилсан судалгааны дүн одоогоор алга. Нийтийн тээврийн ашиг, алдагдлын судалгаа үргэлжилж байгаа. Нэгдсэн дүн мэдээллийг удахгүй гаргана. Ер нь цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн салбарын орлого нэлээд багассан. Бас иргэд ч жолоочид бэлэн мөнгө өгөх нь ихэссэн шүү дээ. Жилд 25 орчим сая төгрөг жолоочийн халаасанд ордог гэх тооцоо бий” хэмээн хариуллаа.
Нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээс хойш өнгөрсөн жилийг дуусталх хугацаанд нийт 360 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн салбарт төсвөөс татаас хэлбэрээр олгосон байдаг. Тэр тусмаа жил бүр татаасны хэмжээ нэмэгдсэн гэх тоон мэдээлэл ч бий. Жишээ нь, 2017 онд автобусны компаниудад нийслэлийн төсвөөс 50 тэрбум төгрөг олгожээ. Харин өнгөрсөн онд төсвөөс олгосон татаасны хэмжээ 105 тэрбум болж, дээрх дүнгээс хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Үүний шалтгааныг албаныхан хувийн автомашины тоо олширч, иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь багассантай холбон тайлбарладаг. Мөн автобусаар үйлчлүүлж буй хүмүүсийн олонх нь зорилтот бүлгийн буюу өндөр настан, оюутан зэрэг үнэгүй зорчдог иргэн эзэлдэг гэнэ. Нөгөө талаар нийтийн тээвэртээ хяналт тавиагүй, ухаалаг системээ сайжруулаагүй, иргэд жолоочид бэлэн мөнгө өгдөг үйлдлийг таслан зогсоогоогүй, үүнийг өөрчлөх дорвитой арга хэмжээ аваагүйтэй холбон тайлбарлах боломжтой. Картгүй иргэд жолоочид мөнгө өгдөг нь даамжирсаар, бараг л уламжлал, байх л ёстой зүйл мэт болчихоод буй. Тэгсэн атал буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоогүй. Уг нь автобуснуудад камер суурилуулсан нэртэй ч бараг ажилладаггүй гэнэ. Камеруудын мэдээллийг шууд хянах систем ч байдаггүй аж.
Үүнээс гадна “Карт цэнэглэнэ” гэсэн хүмүүс автобусны зогсоолуудад хашхирч зогсох болсноос хойш нэг жил орчмын хугацаа өнгөрчээ. Уг нь хажууханд нь карт цэнэглэх зориулалттай цэг байсаар атал шүү. Нийтийн тээвэр ухаалаг системд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн атал ийнхүү хэн нэгнийг гадаа зогсоон, хашхируулсаар байгаа юм. Тус салбарыг энэ мэтээр уруудуулсаар, тэр тусмаа доройтуулах арга хэмжээнүүдийг дарга нар өөрсдөө гардан зохион байгуулсаар. Тэгэхээр шийдвэрээ баталгаажуулахаас өмнө нөхцөл байдлыг эргэн харж, зөв шийдэл, шийдвэр гаргах шаардлага тулгарч байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хотын нийтийн тээвэрт хийсэн гялтайх ганц ажил нь төлбөрийн ухаалаг систем байв. Гэтэл үүнийг ад үзсэн хандлага хааяагүй харагдах болсон нь энэ. Төгс төгөлдөр шийдэл олчихсон мэт зүтгүүлэх нь ямар учиртай вэ. Өөр шийдэл байхгүй гэж үү. Хууль бус зүйлтэй, хулгайтай тэмцэж чадаагүйн буруутан нь цахим систем биш. Харин ч хулгайтай тэмцэхийн тулд системээ илүү боловсронгуй болгох ёстой. Гэтэл үүнийг ч хэрэгжүүлчихэж чадахгүй, мөнгөний хайрцаг тавихаар шийдвэрлэсэн дарга нар удахгүй кондукторууд ажиллуулъя гэх вий дээ.
Бэлтгэсэн М.Оч