Ардчилалын анхны 13-ын нэг, “Ардын хянан шалгах хороо” гэх байгууллагын тэргүүн гэх Д.Нинж сүүлийн үед Чингэлтэй дүүргийн шүүхэд байнга очиж, цагаа бүртгүүлдэг болжээ. Учрыг магадлахад түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм байна. Тэрбээр улс төрийн аллага гэгддэг Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хэн хөнөөсөн талаар баримт байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын баатар Э.Бат-үүл нар С.Зоригийг хөнөөсөн гэх мэдээллийг хэвлэлийн хурал хийлгэж нийтэд мэдээлсэн юм.
Мөн “Айвенхоу майнз”-ын гэрээг батлахаас өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй УИХ-ын гишүүд Р.Фрийдландаас нэг сая ам.доллар авсан гэх мэдээллийг хэвлэлээр цацсан юм. Хууль хяналтын байгууллагаас дээрх мэдээллийн дагуу шалгасан байна. Ялангуяа Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг АТГ-т нэлээд нарийвчлан шалгаж, хууль зөрчсөн, мөнгө авсан зүйл байхгүй хэмээн тогтоосон аж. Харин Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэргийг шалгах Ажлын хэсгийнхэн хэдэн жилийн өмнө шалгаад холбогдолгүйг нь тогтоосон юм. Тиймээс Д.Нинжийг бусдын нэр төрийг гутаасан гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тараасан гэж буруутган Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.