Өнгөрсөн баасан гарагт тохиосон Дэлхийн озоны давхаргыг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд БОАЖЯ-ны Озоны үндэсний албаныхан сүүлийн үед хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээллээ. Озоны давхаргыг хамгаалахтай холбогдуулан баталсан Монреалийн протоколын 35 жилийн ой энэ онд тохиож буйг мэргэжилтнүүд онцлов. Мөн манай улс тус протокол дахь Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр хүлээлгэн өгснөөр уг баримт бичгийг баталгаажуулсан 137 дахь орон болсныг дурдлаа. Ингэснээр Монгол Улс дэлхийн дулааралд үлэмж хэмжээний нөлөө үзүүлдэг гидрофторт нүүрстөрөгч (HFC)-ийн төрлийн хөргөх бодисын хэрэглээг бууруулах чиглэлд идэвх санаачилгатай ажиллах үүрэг хүлээсэн байна.
Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээ болон импортод тавих хяналтыг сайжруулах зорилгоор бүртгэлийн мэдээллийг тогтмол шинэчилж байгаа гэнэ. Одоогоор ийм төрлийн бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлтэй иргэн 424, аж ахуйн нэгж 10 гаруй бий бөгөөд тэдгээр нь тогтоосон квотод нийцүүлэн озон задалдаг болон түүнийг орлуулдаг бодис импортолж буй аж. 2023 онд багтаан гидрохлортфторт нүүрстөрөгчийн хэрэглээ, импортод олон улсын байгууллагаар аудит хийлгэхээр төлөвлөж буй бол 2030 он гэхэд хэрэглээнээс бүрмөсөн халах зорилт дэвшүүлснийг албаныхан энэ үеэр хэллээ. БОАЖЯ хөргөх бодисын хэрэглээг бууруулах чиглэлээр ХНХЯ, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоотой хамтран ажиллаж эхэлжээ.