“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас дэмжигчдийн хамт нийслэлийн төв талбайд 32 дахь удаагаа зохион байгуулсан номын баярыг ажиглав. Олон ч асуулт урган гарсан бөгөөд тэр доор нь хариулж чадахгүй байлаа. Талбай дүүрэн асар барьж, тэдгээрт зохиолч, зохиогч, яруу найрагч, орчуулагч, бүхий л чиглэлээр хэвлэн нийтэлдэг байгууллагуудын төлөөллийг урьдын адил байршуулжээ. Уламжлал болсон мэт “хэл ам”, “татлаа түтлээ”-ний дараа, яаран сандран босгосон “асар хотхон”-д нийслэлчүүд гурван өдрийн турш олноор очсон юм. Асар бүрийн үүдэнд хүмүүс шил шилээ даран зогсож, ном бүтээлүүдийг сонирхон байсан. Хүүхдийн номын ордноос явуулсан номтой сугалаанд дугаарласан хүмүүс дээхнэ үеийн махны дарааллыг санаг дуулав. Эдгээрээс харахад энэ удаа лав 180 мянгаас олон хүн цугласан болов уу.
Хамгийн олон асар эзэмшиж буйгаар нь “Интерном” номын их дэлгүүрийнхнийг зорьж очлоо. Ойртох тусам чанга яригчаар нэгэн эрэгтэй хүн номынхоо тухай яриад байсан юм. Хажууд нь очиж хэсэг сонсоход тэрбээр “Миний оюун санаандаа бүтээн бий болгосон дүрүүд гэрт минь явж байдаг. Эхэндээ эвгүй. Харин сүүлдээ дасдаг. Ингээд ирэхээр ном сая бүтээл болдог” гэж ярьж байлаа. Оюун тархины үйл ажиллагаанд хязгаар, хэмжүүр гэж байдаггүй юм гэсэн. Лав тэрхүү ном бичигч бүтээсэн дүрүүдтэйгээ хэсэгтээ цуг амьдардаг бололтой. Уг асрыг удалгүй орхиж, “Тагтаа паблишинг”-ынхныг зорилоо. Тэднийх номын баярын өдрүүдэд эхлэн орчуулагч залуучуудад зөвлөгөө өгнө гэсэн мэдээллийн дагуу хэрхэн ажиллаж байгааг нь сонирхлоо. Зохиолч, орчуулагч, редактор Б.Баясгалан өөрөө байсангүй. Телевизийн нэвтрүүлэгт оролцохоор явсан байв. Харин түүний багийнхны тайлбарласнаар бол анх зөвхөн орчуулагчдыг хүлээж авна гэж төлөвлөсөн ч эхлэн бичигчид шүлэг, найраг, үргэлжилсэн үгийн зохиолоо ч харуулж, шинжлүүлье хэмээн иржээ. Тухайн үед ганц хүн хандвал нэлээд хэдэн хуудас уншиж, засаж, залруулж өгч байж. Харин нэг доор хэд хэдэн хүн ирвэл хоёр, гурван нүүр материал уншиж, засаж өгч байсан гэнэ. Биднийг очиход Б.Тэмүүлэн хэмээх 20 орчим насны охин шүлгийн түүвэр өгөөд байв. Редактор Б.Баясгалан аль болох хурдан ирж, уншиж өгөхөө амласан гэж байлаа.
Үндэсний номын баяр хэмээн тодотгох болсон энэхүү арга хэмжээний үеэр өнөөгийн хүмүүсийн хэрэгцээ, хүслийг тандаж болохоор. Үүний зэрэгцээ хэвлэн нийтлэгчид тэднийг хэрхэн ойлгож, ямар бүтээл, бүтээгдэхүүн санал болгодог болсныг ч мэдэж ядах юмгүй. Ялангуяа хүүхдэд зориулсан ном, бүтээл ихээхэн өөрчлөгджээ. Танин мэдэхүйн чиглэлийн хэвлэлийг технологижуулсаар байгаа аж. Тухайлбал, “Нандин” хэмээх брэндийн цувралуудыг авч үзье. Мал, амьтны сэдэвтэй ном нь дөрвөлжин хавтгай, дээхнэ үеийн шоо хаядаг тоглоом шиг хэлбэртэй. Түүн дээр мал болон амьтны дүрс олон байх бөгөөд хүссэн дээрээ дарахаар тухайн мал эсвэл амьтны тухай танилцуулга аудио хэлбэрээр сонсогдох юм. Үхэр байлаа гэхэд мөөрөөд эхэлнэ. Нохой бол хуцна. Дэлхийн улс орнуудын тухай танилцуулсан дэвтэрт нь цэнхэр гарагт оршин буй улсуудын нэр, нийслэл, Төрийн дуулал зэргийг багтаажээ. Ийм тоглоом харсан, ажиллах зарчмыг нь ойлгосон хүүхэд авахгүй байхын аргагүй аж. Тус брэндийн дэлгүүрийн худалдагч энэ бүхнийг тайлбарлах хооронд хажууд зогссон хүү “Ээж ээ, энэ тоглоомыг авъя” гэхдээ баярлан дэвхцэж байсан юм. Тэрбээр дөрвөн настай, нэр нь Мөнхсүлд аж. Жаалхүү тэрхүү номыг тоглоом гэж ойлгож байна лээ. Нэгэн бодлын тэгэх тусмаа сайн мэт. Гэхдээ авч үзэх өөр өнцөг бий. Саяхан гадаадын нэгэн эрдэмтний судалгааны материал уншсан минь санаанд буув. Түүнд ном нь хийц, өнгө будаг сайтай, тоглоом шиг байх юм бол хүүхдэд сөхөж харсан даруйд сэтгэгдэл төрүүлээд дорхноо мартагддаг. Тархины олон давхаргын хамгийн гад на талынхад хүрсэн мэдээлэл төд удалгүй сарнин алга болдог. Уншаад, бодоод, ойлгоод, өөрийн дүгнэлт гаргах хүртэл урт зам туулах ёстой. Тэгэхээр орчин үеийн тоглоом шиг гяланцгууд бол ном биш гэж хэлсэн байсан. Тэгэхээр өдгөө эцэг, эхчүүдийн өмнө хүүхдэдээ ямар номыг хэрхэн уншуулах вэ гэдэг асуулт тулж ирж байх шиг.
Энэ удаагийн номын баярын үйл явцаас номтой холбоотой үйлчилгээ, бүтээгдэхүүн нэлээд олширсныг анзаарав. Амьдралын дасгалжуулагч Б.Мөнгөнтуяа хэмээх бүсгүйн ном, туурвил бүхий асар таарав. Тэрбээр өдгөө Британид амьдардаг аж. Мөнгөгүй, ажил, орлогогүй байх үеэсээ өөрийгөө хэрхэн зоригжуулж, дасгалжуулсаар амжилтад хүрсэн тухайгаа ном болгон бичжээ. Түүнчлэн бусдад туслах үүднээс Англид амьдралын дасгалжуулагч чиглэлээр суралцан мэргэшсэн бөгөөд эдүгээ сургалт явуулдаг болжээ.
Номын цахим худалдааны болон интернэт орчинд ном дагуулсан төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага олширсон. Тэдгээрийн нэг нь үндэсний цахим “Esan” талбарынхан юм. Эднийх 2014 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 35 мянга гаруй бестселлер зохиол болон шинжлэх ухаан, судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, сонин, сэтгүүлийн нөөцтэй гэнэ. Бүртгүүлэхэд төлбөр нэхэхгүй. Сайт ажиллаж байгаа, эсэхийг туршихын тулд үнэ төлбөргүйгээр санал болгодог бүтээлүүдийн зураг дээр дарж, нээгдэх, үгүйг ажиг лана. Систем ажиллаж байх аваас “Гишүүнчлэл” гэсэн хэсэгт хандаж, хэрэглээнд тохирсон 20, 30, 50 мянган төгрөгийн гэх зэргийн үнэтэй багцаас сонгож, хэрэгтэй ном, бүтээл байвал худалдан авч болох аж. Мөн ном түрээслэх боломжтой. Ингээд худалдаж авсан болон сарын хугацаатай түрээсэлсэн номуудаа “Миний сан” хэсэгт хадгалаад чөлөөтэй уншиж болох юм билээ. Ер нь номын цахим үйлчилгээний энэхүү сайтад их, дээд сургуулийн оюутнууд олноор ханддаг байна. Яагаад гэвэл курсийн болон дипломын ажил бичихдээ сэдвийн дагуу олж унших материал хайдаг, бас олонх нь олж уншиж, эш татаж ашигладаг. Бас эднийх “Контент центр” үйлчилгээний хүрээнд байгууллагуудын архив дахь бичиг цаасыг гэрээний хүрээнд эмхэтгэж, цахимжуулдаг аж.
Үндэсний номын баярыг зорьж очоод тээж ирсэн бодол олон. Өнгөрсөн 30 жилд, өнөө ч бидний хамтаараа байгуулж буй нийгэм ямар болсныг, бид ер нь хаашаа яваад байгааг ойлгохоор ч юм шиг. Өнөөгийн амьдралын мөн чанар, өнгө, тусгал тэнд байна. Зохиолч, зохиогчид, орчуулагчид, хэвлэн нийтлэлийн байгууллагууд, ном сонирхогчид, уншигчид, худалдан авагчдын санаа бодлыг сонсож, бичсэн, туурвисныг нь үзэж, судалбаас бид оюун санааны хувьд нэг талаар хурдацтай хөгжиж буй мэт. Нөгөө талаар унших, гэр бүл, үр хүүхдэдээ зориулах ном, бүтээлийг шүүлтүүр, шалгууртайхан сонгохгүй бол бартаатай замаар баахан будаа тээх магадлалтай ч болчихсон юм шиг санагдсаныг нуух юун.
Бас нэгэн хуваалцах сэтгэгдэл байна. Номын баярыг үндэсний баяр наадмын үеийнх шиг хоёр дахь, гурав дахь “Нарантуул” зах шиг бүү болгоосой. Ном, оюуны бүтээлийн талбар хэвээр нь байлгаасай. Энэ удаагийн 32 дахь баяраар наймаачид сурагч цүнхээс авхуулаад модон гампанз хүртэл худалдаж байхыг харав. Таатай байсангүй. Зохион байгуулагчид үйлчлүүлэгч, худалдан авагчдын олон талын сонирхлыг бодолцож зөвшөөрөв үү, “жижиг” худал даачид гуйгаад байв уу, эсвэл элдэв зөвшөөрөл олгодог дарга нарын хүсэлт үү. Юутай ч тэс хөндлөн төрлийн наймаа зохистой бус аж.
Бусдаар бол Үндэсний номын баяр өгөөжтэй, өргөн дэлгэр баяр хэвээр. Бүр тэлэх ч хандлагатай байна. Ташрамд дурдахад, өнөөг хүртэл тордож, товойлгоод оюуны үйлдвэрлэлийн чиглэлд нь хөгжүүлээд ирсэн уг арга хэмжээг төр, засгийн байгууллагуудын зүгээс үргэлж дэмжиж байгаасай. Жилийн жилд, хавар, намарт шахам дунд шатныхан хүнд суртал, дарамтаар сүрдүүлж, зохион байгуулагчдын сэтгэл, зүтгэлийг мохоож ирсэн шиг үйлдэл цаашид бүү давтагдаасай.