Шүүгч аливаа хэрэг маргааныг өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэрлэдэг номтой. Тэрхүү итгэл үнэмшил нь гагцхүү хуулийн дагуу байх ёстой. Үүний тулд нөлөөллөөс ангид байх учиртай. Харамсалтай нь, шүүгч нар итгэл үнэмшлээ худалдаж, захиалгаар шийдвэр гаргадаг явдал газар авсан. Тэр нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг унагасаар байна. Ийм үр дүн гарч байгаа нь бүхий л судалгаагаар нотлогдоод буй юм. Тухайлбал, АТГ-аас жил бүр гаргадаг “Шударга байдлын үнэлгээ”-ний 2021 оны судалгаагаар Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн хоёрдугаарт 5.3 пунктээр шүүх байгууллага эрэмбэлэгджээ.
Үүнээс гадна “Максима”-гийн саяхны нэг судалгаа байна. Түүгээр шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь авлигын түвшин болон тэдгээрийн авлигын чиглэгдсэн байдлыг үнэлэхэд нэлээд өсөлттэй гарчээ. Уг судалгаагаар шүүх, хууль хяналтын байгууллагын авлига бусад салбар, хүрээний үйл ажиллагаа руу хэр чиглэж байгааг тогтоосон аж. Тэгэхэд уул уурхай, ашигт малтмалын салбар луу хамгийн өндөр буюу 4.38 үнэлгээний үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нар энэ салбараас илүү их авлига, хээл хахууль авч, хэрэг маргааныг шийддэг гэсэн үг. Салхитын мөнгөний ордын хэрэг бол үүнийг нотлох томоохон бөгөөд тодорхой кэйс юм.
Түүнчлэн шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээнд хээл хахууль өгөх, авах аргуудыг хэрэглэсэн байдлын үнэлгээ 3.68 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Нийт 11 аргаар үнэлүүлэхэд ойр дотнын хүмүүсээр дамжуулах, зуучлагчаар дамжуулах, ойр дотнын хүн, гэр бүлийн гишүүд, тэдний компанид давуу байдал олгох болон өмгөөлөгчөөр дамжуулах арга хамгийн түгээмэл хэрэглэгддэг гэсэн байна.
Уг судалгаанд “Шүүгч, хуулийнхны авлигыг хэн дамжуулдаг вэ” гэдэг анхаарал татсан асуудлыг дурджээ. Энд авлига зуучилж, дамжуулдаг этгээдээр өмгөөлөгч нэрлэгдсэн байна. Угтаа ингэж авлигын мөнгө дамжуулж, хээл хахуульд зуучилсан ёс зүйгүй зарим өмгөөлөгчийн талаар өнөөдөр ч ил болж буй зүйл биш юм. Өмгөөллийн салбартаа өө сэв болдог өмгөөлөгч нарын кэйс цөөнгүй бий. Олон нийтэд ил болж байсан дараах кэйсүүдийг бид мэднэ. Захиргаа, Иргэний хэргийн олон шүүгчид мөнгө шилжүүлж, томоохон гэмт хэргийг схем зурж байгаад, түүнийхээ дагуу аргалдаг өмгөөлөгч Б-ын жишээг энд дурдах нь илүүц биз ээ. Салхитын ордын хэрэг шиг л тов тодорхой жишээ болно. Гэхдээ өмгөөлөгчтэй холбоотой асуудал түүгээр дуусахгүй. Хэдэн кэйс жагсаая.
Кэйс 1. Өмгөөлөгч Б нь 2013 онд МИАТ-ийн хэргийн оролцогч ИНЕГ-ын дарга асныг өмгөөлж байв. Тэгж явахдаа тус хэргийн сэжигтнээр тооцогдож шалгагдаж байлаа. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга “...нарын 5-6 хүнийг шалгах явцад Б-г сэжигтнээр тооцож, зайлшгүй цагдан хорих шаардлага гарсан” гэж мэдэгдсэн. Тэр үед шүүх хурал дээр “Үйлчлүүлэгч нар нь өмгөөлөгч Б-гийн Виржинийн арлуудад үүсгэн байгуулсан “Treasure cosmo limite” компанийн БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконг дахь HSBС банкан дахь харилцах дансанд 2012 оны гуравдугаар сарын 29-нд 155 000 ам.доллар шилжүүлж, улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 4-нд 153 993, 2012 оны тавдугаар сарын 17-нд 39 968 ам.долларыг тус тус ...тоот дансаар дамжуулан шилжүүлээд, дараа нь өөр хүний дансаар буцаан хүлээн авсан... тус тус буцаан хүлээн авч, мөнгө угаасан гэмт хэргүүдэд холбогджээ” гэж байв. Тус тус хүлээн авсан гэдэг албаны хүний үг бол ийм үйлдэл нэг бус удаа давтагдсаныг илтгэж буй.
Мөнөөх өмгөөлөгч Б нь бас 2015 оны сүүлчээр сайд асан А.Гансүх нарыг өмгөөлж яваад цагдан хоригдсон. Түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулж цагдаагийн байгууллагаас шалгасан бөгөөд татварын асуудал, залилан мэхэлсэн гэх хоёр ч зүйл ангиар буруутгаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Кэйс 2. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргын албан тушаалыг хашиж байсан Н.Б-г цагдаагийнхан 2016 оны баяр наадмын үеэр баривчилсан. Тэрбээр авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Түүнд хахуулийг нь зуучилж байсан хүнийг ч хамтад нь шалгаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв. Н.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Их цуурайтын аманд 40 гаруй айлын нэр дээр 0.07 га газар эзэмших гэрчилгээ гарган өгч, 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Хэрэг явдлыг тодруулахад, уг газрыг авахын тулд БНХАУ-ын иргэн Ли овогт нь хилийн чанадаас мөнгөө шилжүүлж, түүний өмгөөлөгч, хуульчаар ажилладаг Ч нь Өмч, газрын харилцааны албаны даргад хахуулийг нь зуучилсан асуудлаар шалгагдаж байв.
Кэйс 3. Салхитын мөнгөний ордын хэрэгт ч нэр бүхий өмгөөлөгч нар нэлээд үүрэгтэй оролцсон байдаг. Шүүгч нарт авлигын мөнгө зуучилсан асуудалд Өмгөөлөгчдийн холбоог удирдаж байсан нөхөр холбогдож байв. Мөн цагдан хорих байранд нас барсан шүүгч асан, Гавьяат хуульч ч тухайн үед Салхитын ордыг булаалдсан хятадуудын нэг талынх нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан байдаг. Энэ хэргийн нэг оролцогч болсон өмгөөлөгчийн хэрэг шүүхэд шилжиж байсан...
Энэ мэтчилэн авлигын зууч хийдэг ёс зүйгүй өмгөөлөгч нарын нэр, үйлдлийг жагсаавал нэлээд урт болно. Хамгийн гол нь хууль, шүүхийн байгууллагаар маргаан үүсгэж буй гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд Монголын хуулийг, шүүхийг тодорхой сайн мэддэггүй. Уг “сул тал” дээр нь тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр “сонгогдсон” зарим өмгөөлөгч, хуулийн зөвлөх тоглодог. Өөрөөр хэлбэл, “Шүүхийн шийдвэрийг танай талд гаргуулна. Бид ажиллаж чадна” гээд маш их хэмжээний мөнгө авдаг. Түүнээсээ шүүгч нар луу бариад гүйдэг. Ийм л “хууль зүйн туслалцаа” үзүүлдэг зарим нэр бүхий өмгөөлөгч бий. Сүүлийн үед гарсан Захиргааны хэргийн шүүгчтэй маш ноцтой нэгэн кэйс ч яригдаж байна. Кэйс үргэлжилнэ.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН
“ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ