2019.12.15 Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийн асуудлыг хэлэлцлээ. Үүнд шаардагдах санхүүжилтийг БНФУ-ын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх боломжийг яаралтай судалж, тус улсад албан хүсэлт тавихаар болов.
2020.05.08 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Тус улс 60 сая ам.долларын зээлийг 40 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэжээ.
2020.07.31 Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг байгууллаа. Дүүжин тээврийг Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг, Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог гэсэн хоёр чиглэлд нэвтрүүлэхээс эхнийхийг нь ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж, уг ажлыг дээрх газарт хариуцуулав.
2020.08.15 Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийн гүйцэтгэгчээр шалгарсан Францын “Пома групп”, “Эжис рэйл” ХХК-тай гэрээ байгуулж, ажлын урьдчилгааг шилжүүллээ.
2021.11.29 Б.Одсүрэн (Нийслэлийн Засаг даргын зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч): -Дүүжин тээврийн зам барих чиглэлд газар чөлөөлөхтэй холбоотой бэрхшээл тулгарсан учир маршрутыг өөрчлөх судалгааг дахин хийж байна.
2021.12.20 Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа”-г үр дүнгүй ажилласан гэж үзэн татан буулгах шийдвэр гаргав. Эл захиргаа 1.5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа нийслэлийн төсвөөс 480 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсныг хурлын үеэр онцоллоо.
2022.01.07 Д.Сумъяабазар (Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч): -Уг төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй зүйл олон байна. Анхны зураг төсөлд тусгасан чиглэлийн дагуу газар чөлөөлөхөд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан гэдгийг Францын талд уламжлахад таагүй хүлээж авсан. Маш хүнд нөхцөл байдал үүслээ.
2022.09.08 Ч.Батзориг (Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал): -Дүүжин тээврийн угсралтын ажлыг 2023 оны хавраас эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулна.
Манай төр ямар туйлбаргүй, холбиромтгой, алсын хараагүй шийдвэр гаргадгийг, аливаа төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс болсон суурь судалгаа, тооцооллыг хэр “өндөр” түвшинд хийдгийг Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслөөс бэлхнээ харж болно. Газар чөлөөлөхтэй холбоотой наад захын эрсдэл, хүндрэлийг тооцоололгүй дур мэдэн зураг төсөл гаргаж, маршрут тогтоосон, ажил хэдийд эхлэх нь тодорхойгүй атал гүйцэтгэгч компаниудад их хэмжээний урьдчилгаа мөнгө шилжүүлсэн, төслийг урагшлуулах нэрийдлээр ашиглалтын өмнөх захиргаа байгуулж, төсвийн хөрөнгөөр наадсан зэрэг нь үүний нотолгоо. Энэ мэт бодлогогүй шийдвэр, бүтэлгүй алхмуудыг он цагийн дараалал бүхий дээрх баримтаар харуулахыг зорилоо. Эл “жагсаалт” цаашид улам баяжиж, дүүжин тээвэртэй холбоотой үр дүнгүй, хуумгай ажлын тоо нэмэгдэхгүй гэх баталгаа алга.
Шинэ маршрут тогтоох, зураг төсөл боловсруулах ажлыг холбогдох албаны хүмүүс хийж буй гэхээс өөр дорвитой мэдээлэлгүй, он гарснаас хойш таг чиг байсан уг төслийн сураг чимээ саяхнаас дуулдаж эхэллээ. Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг дүүжин тээврийн угсралтын ажлыг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлж, дараа жилд нь багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа дуулгав. Сайтууд үүнийг нь “шүүрэн авч”, яг таг хэрэгжих, биелэх мэтээр бичих болов. Зарим нь “Нийслэлчүүд 2024 оноос дүүжин тээврээр зорчино” гэж зөгнөж байна. Гэвч бодит нөхцөл байдалд энэ нь зөвхөн Монголын талаас гаргасан санал, төлөвлөгөө төдийхөнд үндэслэсэн мэдээлэл аж.
Дээрх нэгжийн мэргэжилтний ярьснаар бол дүүжин тээврийн зам барих хоёр чиглэлийг нийслэлээс шинэчлэн тогтоож, Францын талд санал хүргүүлжээ. Эхнийх нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан толгой-Дугуй цагаан чиглэлийн 6.9 км зам. Хоёр дахь нь Долоон буудлаас хотын төв рүү чиглэсэн маршрут. Эдгээрийг цагт 1500-2000 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаар байгуулахаар төлөвлөж буй гэнэ. Харамсалтай нь, төслийг хамтран хэрэгжүүлэх орны зүгээс өдий болтол ямар нэг хариу өгөөгүй байгаа ажээ. Дүүжин тээвэр явуулах чиглэл тодорхой болоогүй гэсэн үг. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавраас эхлүүлж, 2024 онд дуусгана гэдэг нь баттай мэдээлэл биш болж таарч байна.
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг санаачилсан зорилго нь хотын түгжрэлийг бууруулах байв. Тийм ч учраас анхны зураг төслийг гаргахдаа зорчих хөдөлгөөний урсгал ихтэй хоёр чиглэлийг сонгосон байдаг. Барих замын хэмжээ нь ч урт, буудлын тоо нь ч олон байсан юм. Харин шинэ чиглэлийн дагуу урьдчилсан зураг төсөл боловсруулахдаа энэ бүгдийг цөмийг нь “танажээ”. Үүнийг нийтийн тээврийн хэрэгсэл гэхээсээ илүү аялал жуулчлалын шинэ үйлчилгээ байдлаар нэвтрүүлэх бодлого баримталж буй юм байна. Төслийн анхны концепц, загвар, төлөвлөгөөг тэр чигт нь өөрчилснийг санхүүжүүлэгч тал тийм ч таатай хүлээж авахгүй байгааг албаны эх сурвалж хэлсэн юм. Үндсэндээ том ажил хийнэ хэмээн их хэмжээний (196.5 тэрбум төгрөг) хөрөнгө гаргуулчихаад, зам тавих газраа ч тодорхойлж чадахгүй мунгинасаар эцэстээ “одоо ийм л хувилбар, сонголт үлдлээ” гэж зовлон тоочиж, мухардуулсан байх нь.
Манай улс дүүжин тээвэр нэвтрүүлэх асуудлыг ярьж эхлээд дөрөв, хэрэгжүүлэхээр шийдвэрлээд хоёр гаруй жил боллоо. Гэтэл одоогоор зураг төслөө ч гүйцэд боловсруулаагүй, ТЭЗҮ-ээ ч батлаагүй байна. Гагцхүү уг төслийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах, судалгаа, тооцоолол хийх нэрийдлээр жил болгон их хэмжээний мөнгийг салхинд хийсгэдэг л “ажилтай” болов. Гадаадаас авсан зээлийн хүүнд ч багагүйг төлж эхэлснийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн нэг нь хэлсэн юм. Тэрбээр энэ тухай “Улаанбаатар хотод дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн үйл явцын мэдээллийг бидэнд хэд хэдэн удаа танилцуулсан. Францаас авсан 60 сая ам.долларын зээлийн хүүг сар бүр улсаас төлж байгаа юм билээ. Ажлын хэсгийн гишүүн нь ингэж хэлсэн” гэж ярьсан юм. Үүнээс гадна зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажилд хоёр дахин ихийг төлөх “шаардлага” үүсээд буй. Мөн гүйцэтгэгч компанийнханд ажлын урьдчилгаа болгож 22.3 тэрбум төгрөгийг хэдийн шилжүүлсэн. “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” хэмээх газрыг хоёр жил хүрэхгүй хугацаанд хагас тэрбум орчим төгрөгөөр “ивээн тэтгэсэн”. Хамгийн сүүлд гэхэд Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс 1.8 тэрбум төгрөгийн зөвлөх үйлчилгээний тендер зарлаад байгаа. Олон улсын томоохон төслүүдийг шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангах зорилготой гэх уг тендер явж явж өнөөх л дүүжин тээвэртэй бас холбогдож буй. Тухайн нэгжийн удирдлага “Хөнгөн галт тэрэг, дүүжин тээвэр зэрэг олон улсын чанартай, томоохон төслийн тендерт оролцогчдод шаардлагатай мэдээлэл, судалгаа зайлшгүй байх ёстой. Улаанбаатар хотын түгээмэл тархацтай орд газрууд хүрэлцээтэй, эсэх, байр зүйн дэвсгэр зураг, байгаль орчны нөлөөллийн урьдчилсан судалгааг үүний хүрээнд хийлгэх юм. Энэ нь суурь судалгааны ажил, техникийн туслалцааны үйлчилгээ үзүүлэх тендер” хэмээн тайлбарласан. Манай улс дүүжин тээвэртэй болох “бэлтгэл ажилд” хангалттай хөрөнгө зарцуулсан гэдэг нь эдгээр баримтаас харагдаж байна. Харин бодитоор ажил хэрэг болох, эсэх нь одоо ч эргэлзээ дагуулсан хэвээр.