“Залуу төгөл”, “Хатант форест”, “Гранд форест”, “Аглаг ой”, “Мөнх ногоон жодоо” зэрэг ойн мэргэжлийн компани байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний хүрээнд Говь-Алтай аймгийн заган ой бүхий Алтай, Бигэр, Бугат, Тонхил, Төгрөг, Цогт, Цээл, Халиун, Шарга сумд ажиллаж эхэлжээ. Эдгээр компани заган ойн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, өөрчлөлт, хүлэмжийн хий шингээх чадвар, биомассыг тогтоох иж бүрэн судалгаа хийж, нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна. Мэргэжилтнүүд заган ойн сан бүхий 1 664 768 га талбайн 5548 цэгт багц дээж цуглуулах 22 192 хэсэг байгуулжээ. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй бөгөөд ирэх сарын 28 хүртэл үргэлжлэх нь.