Румын улсын Мамаиад энэ сарын 5-нд эхэлсэн өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насныхны ДАШТ үргэлжилж байна. Охидоос 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул долоон өргийн тоглолтод зургаан хожил, нэг тэнцээтэй, 6.5 оноогоор хошуучилж эхэллээ. Тэрбээр Энэтхэгийн Ченнай хотод өнгөрсөн сард болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад үндэсний шигшээ багийн нөөц тамирчнаар оролцсон. Түүнчлэн 2014 онд Өмнөд Африкийн Дурбанд болсон ДАШТ-д найман насныхны ангилалд тэргүүлж, аварга болж байв. Үүнээс дөрвөн жилийн дараа Албани улсад болсон сурагчдын ДАШТ-ий 13 насны ангилалд мөн түрүүлсэн юм. Түүний эгч Д.Хонгорзул, дүү Д.Өнөрзул нар шатраар хичээллэдэг. Дэлхийн шатрын холбоо тэднийг Унгарын алдарт эгч, дүү гурван Полгартай адилтган онцолжээ. Ирэх амралтын өдөр өндөрлөх ДАШТ-д шатарчид швейцар системээр 11 өрөг тоглож, дүнгээ гаргана. Энэ удаагийн тэмцээнд манай 10 тамирчин оюун ухаанаа сорьж буй. 18 насныхны ангилалд Б.Мөнгөнзул таван оноотой VI, хөвгүүдээс 14 насны ангилалд Б.Тэнүүнболд 5.5 оноотой VII байрт бичигдэж байна.