Австрийн Вена хотод энэ сарын 5-8-нд зохион байгуулсан, НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы үеэр баталсан улс төрийн тунхаглалын хэрэгжилт, явцыг хэлэлцэх уулзалтад манай улсын АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал тэргүүтэй төлөөлөгчид цахимаар оролцжээ. Энэ хүрээнд болсон “Хөрөнгө буцаах ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд Авлигатай тэмцэх газрын дэд дарга илтгэл тавихдаа Монгол Улсаас гадаадад гарсан авлигын гаралтай хөрөнгө, орлогыг буцаан авчрах чиглэлээр сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, түүнд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын оруулсан хувь нэмрийг голлон онцолсон байна.
Авлигын эсрэг улс төрийн тунхгийг 2021 оны зургадугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 32 дахь удаагийн тусгай чуулганы үеэр баталсан юм. Монгол Улс болон НҮБ-ын гишүүн бусад орон энэ тунхгийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн хууль тогтоомжоо, хууль сахиулах ажиллагааг боловсронгуй болгох, авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө буцаах, техникийн туслалцааг харилцан үзүүлэх, авлигын гэмт хэргийн холбогдолтой мэдээллийг улс хооронд солилцох явдлыг эрчимжүүлэх үүрэг амлалт өгсөн байдаг.
Бэлтгэсэн Г.Орчлон