Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл, дүүргийн удирдлага, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийсэн “Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтыг зохион байгууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний бахархал, өв соёл, хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжлийн бодлого, нийслэл болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, бодлогын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй удирдах албан тушаалтнууд, анхан шатанд ажиллаж буй бүхий л хүмүүст танилцуулж, сонирхсон асуултад хариулан харилцан ярилцсан юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, хотын удирдлагууд болон дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нар нийт 2165 төрийн албан хаагч оролцлоо.
“Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, ойрын болоод алс ирээдүйн зорилт, баримтлах зарчмаа танилцуулсан. Тэрбээр хэлэхдээ:
-Асуудал цогц гэдгийг харалгүйгээр салбарууд, хот, аймгууд, сум орон нутаг тус тусдаа хөгжлийн бодлого боловсруулж, баримталж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн алдаа байсан. Тиймээс бид “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг шинээр боловсруулсан. 567 салангид бодлогын баримт бичгийг нэгтгэж, өнгөрсөн 30 жилээ дүгнэн, ирээдүйн 30 жилийг бүхэлд нь төсөөлж боловсрууллаа. Тус бодлого нь “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван аюулгүй нийгэм”, “Бүс, орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот” зэрэг нийт есөн дэд бүлгээс бүрдэх юм. Үүнээс Монгол Улсын хөгжлийн бодлогод Улаанбаатар хотыг дангаар нь оруулж ирсэн анхны баримт бичиг болсон юм.
Эхний 10 жил буюу 2021-2030 онд хэрэгжүүлэх бодлого бол “Шинэ сэргэлтийн бодлого”.
Боомтын сэргэлт: Боомтын хүчин чадлыг нэмэх, хилийн боомтыг төмөр зам болон авто замаар холбох, агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хуурай замын боомтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Эрчим хүчний сэргэлт: Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болсон. Жил бүр цахилгаан импортлоход 400 тэрбум төгрөг дунджаар зарцуулдаг. Тиймээс эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэн, Улаанбаатар хотын эрчим хүчийг сэргээж байж амьдралын чанар сайжирч, шинэ хот байгуулах боломжтой болно.
Аж үйлдвэрийн сэргэлт: 90 хувь нь нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолдог бол боловсруулсан бүтээгдэхүүний 90 хувийг импортоор худалдан авдаг. Нийт экспортын 92 хувийг уул уурхай эзэлдэг бөгөөд үүнд зэсийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, мөнгөжөөгүй алт, төмрийн хүдэр, баяжмал ордог. Эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх ёстой. Мал аж ахуй, аж үйлдвэрлэл, газар тариалангаа хөгжүүлж экспортоо сэргээх хэрэгтэй байна. Аж үйлдвэржилтийн төслүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрүүдийг байгуулж, хөдөө орон нутагт гарч буй ажлын байрыг Улаанбаатар хотод зарлаж, залуусыг аж үйлдвэржилтийн салбарт хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлнэ.
Хот, хөдөөгийн сэргэлт: Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг хэдий ч нийт хүн амын 47.6, их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь, улсын хэмжээний автомашины 84 хувь, ДНБ-ний 65 хувь нь нийслэлд төвлөрч байна. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл Монгол Улс Улаанбаатар улс болоход ойрхон байна. Хязгаар нутаг эзгүйднэ, нийслэл Улаанбаатар хэт төвлөрлийн улмаас хүчгүйдэж мэднэ. Тиймээс төвлөрлийг сааруулах чиглэлд давс шиг гашуун боловч хэтдээ өгөөжтэй шийдвэр гаргах болж байна.
Бүс, орон нутгийн хөгжлийн сэргэлт: Аймаг орон нутгийн хөгжлийг дэмжиж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн зургаан аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Аймгууд бие даан хөгжиж, төсвөө бүрдүүлэх шаардлага тавина.
Дагуул хот: Улаанбаатар хот цаашдаа Богдхан уулыг тойрч хөгжинө. Мөн Багануур дүүрэг, Дархан-Уул зүгт хоёр тийш сунаж хөгжинө. Алслагдсан дүүргүүдээ дэмжиж ажиллана. Нийслэлийг тойрсон хурдны замыг бид байгуулна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж ойрын ирээдүйд дуусгана. Хөшгийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулна. Ингэснээр хөдөө орон нутгаас ирж буй иргэд заавал Улаанбаатар хотын төв дундуур биш хотын захаас хүнс, бараагаа татах боломжийг гаргаж өгнө. Энэ бүх дэд бүтцийн хөрөнгийг төрөөс санхүүжүүлж, хуваарилна хэмээн мэдэгдлээ.