Энэ жил авто замын камерийг 44 цэг болгож өргөтгөсөн гэнэ. Тодорхой хэлбэл, энэ жилээс авто замын хяналтын камерыг сайжруулж, шинэчилж, өргөтгөж байгаа. Авто замын нэгдүгээр эгнээнд өмнө нь 23 цэгт камерын хяналт тавьж байсан бол энэ жил 44 цэг болгож өргөтгөсөн байна. Гэхдээ нийтийн тээвэрт зориулсан авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулаад төлөх эсэхийг хүлээх бус хариуцлагыг хурдан шуурхай шийддэг байдлыг нэвтрүүлэх нь нэн чухал байгаа аж. Оны эхний найман сарын байдлаар цахимаар 560 мянган зөрчил илрүүлээд шийтгэвэр ногдуулсан. Гэтэл үүний 23 хувь буюу 130 мянган зөрчилд ногдуулсан төлбөрийг барагдуулжээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн энэ талаар "Авто замын нэгдүгээр эгнээ болоод бусад хориглосон байршилд машинаа тавиад орхидог зөрчил түгээмэл. Ийм төрлийн зөрчил гаргагчдаас машин ачсан тухай гомдол ирэх нь олон. Тиймээс хойшид машиныг шууд ачих бус эхний удаад сануулж зөрчлийг арилгуулах бол дараагийн удаад торгох, гурав дахь удаагаас ачих байдлаар зохицуулахаар журам боловсруулсан. Тухайн зөрчил болгон бүртгэгдэх учраас гурав дахь удаагаа зөрчил гаргавал элдэв тайлбаргүйгээр ачихаар шинэ журамд тусгасан" гэсэн тайлбарыг өгч байна.
Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тухайд дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гаднах зогсоолдоо өдөржин машинаа байршуулчихдаг дутагдал түгээмэл. Энэхүү буруу зуршил түгжрэлд 15-20 хувь хүртэл нөлөөлж буйг судалгаагаар тогтоожээ. Тухайн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулдаг энэ үзэгдлийг халахын тулд зогсоолуудыг төлбөртэй болгох нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм. Эхний гурван цагийн төлбөр хямд төсөр байх бол өдөржин байршуулбал өндөр үнэ төлдөг байдлаар зохицуулах санал гаргаад байгаа аж.