Орон нутагт ой, хээрийн түймэр дэгдэх нь ихэсжээ. Тухайлбал, энэ сарын 9-нөөс хойш дөрвөн аймгийн нутагт ой, хээрийн түймэр гарсан бөгөөд заримыг нь одоо ч бүрэн унтраагаагүй байгаа аж. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Чулуут-Уул гэдэг газарт энэ сарын 9-нд ойн түймэр гарчээ. Орон нутгийн онцгой байдлын алба хаагчид түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж буй юм байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт энэ сарын 10-нд ойн түймэр дэгдсэн бөгөөд маргааш нь бүрэн унтраасан гэнэ. Тус аймгийн Баянтэс сумд мөн ой, хээрийн түймэр гарч, улмаар ОХУ-ын нутаг дэвсгэр лүү тархсан аж. Аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан, Завханы Тосонцэнгэл, Тэс, Сонгино, Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Увсын Баруунтуруун сум дахь гал унтраах мэргэжлийн анги болон холбогдох байгууллагынхны хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй баг өдгөө түймрийг унтраахаар ажиллаж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн нутагт энэ сарын 10-д хээрийн түймэр гарч, 30 тонн орчим өнжмөл өвс шатжээ. Үүнээс гадна Дорнод аймгийн Халхгол сумын нутагт уржигдар хээрийн түймэр дэгдсэн байна. Тус аймгийн холбогдох албаныхан, хилийн 0198 дугаар ангийнхан хамтран өчигдөр галыг бүрэн унтраахаар ажиллаж байлаа. Түймэр ойролцоогоор 50 орчим км газрыг хамарч байгаа гэнэ.