“Хил хязгааргүй нэг дэлхий” төрийн бус байгууллагын санаачилгаар ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, “Иргэний зориг, ногоон хөгжил”, “Эко шийдэл” төрийн бус байгууллага хамтран “Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацыг нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Судлаачид манай улсын газар нутгийн 76.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэж үнэлээд буй. Тэгвэл эл хуралд оролцсон эрдэмтэд 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөлөөс бусад аймгийн нутаг дэвсгэрт цөлжилтийн уршгаар ургамал ургах боломжгүй болох эрсдэлтэй гэв. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын жишгээр, цаг алдалгүй арга хэмжээ авах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдэв. Цөлжилтийн эсрэг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх, хамгийн үр дүнтэй алхам бол иргэдийн ёс суртахуун, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх замаар хүний буруутай үйл ажиллагааг хязгаарлах, ногоон эдийн засаг, хөгжилд суурилсан соёл иргэншлийг цогцлоох гэдгийг цөөнгүй судлаач онцолсон юм. Байгаль орчныг хамгаалах зорилготой олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч хүмүүсийн ёс суртахуун, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн нөлөөллийн ажлыг орхигдуулсаар ирснийг ч дурдлаа. Уг хурлаар хэлэлцсэн илтгэлүүд болон оролцогсдын саналыг үндэслэн боловсруулсан зөвлөмжийг БОАЖЯ, холбогдох бусад байгууллагад хүргүүлэхээр болжээ.