Хотын захад хашаа, байшин, нийтийн байр түрээслэн удаан хугацаанд амьдарсан нэгэн гэр бүл 2019 оны хавар байдгаа шавхан байж урьдчилгаа төлөөд, 53 ам метр талбай бүхий хоёр өрөө байр захиалжээ. Төлбөрөө 100 хувь төлбөл нэг ам метр талбайн үнийг нь 700 мянган төгрөгөөр доошлуулна гэсэн учир тэрбээр ажил, гэр хоёрын хооронд хoл залгуулдаг унаагаа зарж, эхнэрээрээ цалингийн зээл авхуулж, нэмэрлэсэн гэнэ. Ингээд тэд байр нь ашиглалтад орохыг баяр хөөртэйгөөр хүлээсээр 2020 оны намартай золгожээ. Харамсалтай нь, байрыг нь гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулсангүй. Компанийн борлуулалтын менежер тэднийг дуудаж, гэрээгээ шинэчилсэн бөгөөд анх товлосон хугацааг 2021 оны хоёрдугаар улирал болгон өөрчилсөн байна. Барилгын материалын хангамж, үнэ ханшийн өсөлт, санхүүжилтийн тасалдал зэргээс болоод ийм нөхцөл үүсэх нь элбэг, ажил таг зогсчихоогүй учир санаа зоволтгүй хэмээн тайвшруулжээ. Тэд дахин есoн сар орчим хүлээжээ. 2021 оны хоёрдугаар улирал ч дууслаа. Тэр үед тухайн барилгын ажил таг зогссон байв. Компанийнхан үүнийг цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ. Дэлхий даяар нүүрлэсэн гамшгийн нөхцөл байдлыг яалтай билээ. Залуу хос хэсэг хугацаанд ажиг сураг тавилгүй зөнд нь орхижээ. Гэтэл тус оны наймдугаар сард компанийн борлуулалтын албанаас утасдаж “Барилгын ажлыг эхлүүлсэн. Одоо дотоод заслын ажил үргэлжилж байна. Арванхоёрдугаар сар гэхэд эхний, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан үлдсэн хоёр блокийг ашиглалтад оруулна. Гэрээний нөхцөлөө шинэчлэх шаардлагатай боллоо” гэж дууджээ. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад байрныхаа нэг ам метр талбайн үнийг нэмж буй, төлбөрөө бүрэн төлж, захиалгаа баталгаажуулсан хүмүүст энэ шийдвэр хамаарахгүй гэж ая тал засжээ. Ингээд хоёр дахь удаагаа гэрээгээ шинэчилжээ. Хачирхалтай нь, тус айл одоо хүртэл шинэ байрандаа төвхнөөгүй, түрээсийн сууцад амьдарч байна. Эл компани гурван жилийн хугацаанд ердөө ганц блокийг ашиглалтад оруулсан бөгөөд үлдсэн хоёр хэсэгт нь сууц захиалсан хүмүүс хүлээлтийн байдалтай буй.
Тухайн компани орон сууцаа гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйн улмаас энэ гэр бүл санхүүгийн хувьд багагүй хэмжээний хохирол амсжээ. Өнгөрсөн хугацаанд тэднийх түрээсийн байр дамжин гурван удаа нүүсэн гэнэ. Тэр болгонд мэдээж зардал гарсан. Мөн цалингийн зээлийн хүү ч “гүйсээр” байсан. Тиймээс тэрбээр хуульчийн өгсөн зөвлөгөөний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хоёронтоо өөрчилж, гэрээгээ шинэчилснээс хойш төлсөн цалингийн зээлийн хүү, байрны түрээсийн төлбөрийг тус компаниас гаргуулахаар ийнхүү хандсан аж. Харин барилгын компанийнхан үүнийг үндэслэлгүй гэж үзэн маргаан үүсгэжээ. Гэрийн эзэн “Бид эхнээсээ хариуцлагатай хандах ёстой байж. Барилгын компаниуд том төсөл хэрэгжүүлэхдээ эрсдэлээ сайтар тооцоолж, гэрээний нөхцөлөө тусгадаг гэж бодсон нь эндүүрчээ. Энэ явдал манай гэр бүл, ойр дотнынхонд маань том сургамж болсон. Байр худалдан авах гэж байгаа хүмүүс бүх зүйлд хянуур хандаасай” хэмээн сэрэмжлүүлсэн юм.
Яг үүнтэй ижил байдлаар иргэдийг хохироосон барилгын компани цөөнгүй аж. Цар тахлын нөхцөл байдал, хил, гаалийн үйл ажиллагаа, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалсан саад бэрхшээл, хямрал сүүлийн жилүүдэд бүх салбарт нүүрлэсэн. үнийг үгүйсгэх аргагүй. Гэвч энэ бүхнийг далимдуулан гэрээний нөхцөлөө хэдэнтээ шинэчилсэн, нэг ам метр талбайн үнийг нэмсэн, тун удахгүй ашиглалтад оруулна хэмээн одоо ч захиалга авсаар байгаа, хямд үнэ, хувь лизингээр иргэдийг урхиддаг, цаг үеийн нөхцөл байдал харьцангуй дээрдсэн ч ажлаа урагшлуулахгүй алгуурласаар буй, оршин суугчдаа хэзээ хүлээн авах нь тодорхойгүй орон сууц “үйлдвэрлэдэг” барилгын компани олширсныг холбогдох байгууллагынхан онцоллоо. ШӨХТГ, МХЕГ-т иргэд ийм асуудлаар байнга хандах болжээ. Орон сууцын эрэлтийг дагаад үл хөдлөх хөрөнгийн залилан ихэссэн, тэр дундаа ойрын үед ашиглалтад оруулна, 3-5 жилийн хугацаатай, хүүгүй зээлд хамруулна хэмээн иргэдээс урьдчилгаа авч, мөнгийг нь “түгжин”, санхүүгийн эрсдэлд оруулдаг явдал гаарсныг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн анхааруулав. Тэвчээр нь алдарсан зарим нь шүүх байгууллагад хандаж, хохирлоо төлүүлэн, гэрээгээ цуцалж, төлбөрөө буцаан авч буй бол хаана, хэнд хандахаа мэдэхгүй гайхширч суугаа нь түүнээс олон байна.
Дахин баримт дурдъя. Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг, Офицеруудын тойргийн зүүн талд 2019 онд барилгын суурийг нь тавьсан “Скай резиденс-3” орон сууцад 400 орчим иргэний мөнгө “царцжээ”. Тус төслийг хариуцаж буй компанийнхан гурван жилийн өмнөөс эхлэн захиалга авсан бөгөөд дараа оных нь дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна хэмээн гэрээ байгуулсан байна. Гэвч одоогоор зoвхoн “А” блокийг нь ашиглалтад оруулжээ. В, С-д нь дотоод заслын ажил үргэлжилж байгаа гэдэг нэрийдлээр хоёр он дамжин алгуурласаар өнөөдрийг хүрчээ. Эл орон сууцад байр захиалсан иргэн “Улсын сургууль, цэцэрлэгт ойр, төв зам дагуу байрлалтай, үнийн хувьд боломжийн байсан учраас захиалга өгсөн. Онцлог нь энд байр захиалсан иргэд бүгд төлбөрөө 100 хувь төлсөн юм билээ. Улсын комисст тун удахгүй хүлээлгэж oгнo, одоо зөвхөн дотоод заслын ажил үлдсэн, хурдавчилж байна гээд гурван жил хагас боллоо. Гэрээний хугацаа ч дууссан. Энд байр захиалсан иргэд өнгөрсөн хавар хэвлэлийн хурал зарлаж, бодит байдлыг олон нийтэд мэдээлсэн. Түүнээс хойш өөрчлөгдсөн зүйл үгүй. Захиалагчдын зарим нь өнгөрсөн баасан гарагт барилгын талбайд очиход хүн байгаагүй гэсэн. Тэгсэн атлаа ажил нь зуун задгай. Бид фэйсбүүкт бүлгэм үүсгээд, хоорондоо байнга мэдээлэл солилцож байгаа. Энэ долоо хоногоос эхлээд өдөр бүр 11.00, 15.00 цагт тухайн газарт очиж, ажлын явцтай танилцан, мэдээлэхээр төлөвлөсөн. Иргэдээс захиалга авч эхлэх үед барилгын суурь боссон байсан тул хугацаандаа ашиглалтад оруулна гэдэгт эргэлзээгүй. Зах зээлийн ханшаас доогуур үнээр байр захиаллаа гэж баярлаж байсан минь талаар боллоо. Хэмнэсэн мөнгөө түрээсийн байрны төлбөрт өгсөөр таарав. Ам метрийг нь гурван сая төгрөгөр авснаас ялгаагүй боллоо” хэмээн ярьсан юм.
Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, “Алтай” хотхоны дотор байгуулсан “Алтай резиденс”-ийн барилга мөн дөрвөн он дамжин сунжирчээ. Дөрвөн блокоос хоёрыг нь л ашиглалтад оруулсан гэх. Энэ хугацаанд төлбөрөө гурвантаа нэмж, тэр болгонд барилгын компани, захиалагч хоёрын хооронд хэрүүл маргаан болсоор иржээ. Өдгөө гэхэд тус компанийнхан “Есдүгээр сарын 15-наас эхлэн орон сууцынхаа нэг ам метр талбайн үнийг нэмэх болсон тул та бүхэн амжиж захиалгаа өгнө үү. Бүх төрлийн автомашиныг бартерт оролцуулан байр авах боломжтой” хэмээн сурталчилгаа хийсээр байгаа аж. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бариад буй “Сүлд” хотхон оршин суугчдаа хугацаандаа хүлээж аваагүй нь бас л хэрүүлийн алим болж байна. 2020 оноос урьдчилсан захиалга авах зар түгээж эхэлсэн “Khos suvd residence” хотхоны барилгын ажил oдгoo 30 орчим хувийн гүйцэтгэлтэй буй бөгөөд зарим блокийнхоо ам метрийн үнийг 1 590 000 төгрөг болтол бууруулсан гэнэ. Энэ оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж, 2019 оноос захиалга авч эхэлсэн “ЮТ” ХХК-ийн барилгын ажил нэг давхраас хэтрэлгүй зогссон тул иргэд гэрээгээ цуцлахад хүрчээ. Барилгын компаниуд иргэдийн мөнгийг “царцааж”, хохироож буй жишээг энэ байдлаар дурдвал цаас, цаг нэлээд зарцуулах нь.
Орон сууцын хотхон, хороолол байгуулна хэмээн иргэдээс олон тэрбум төгрөгийн урьдчилгаа авч, араг яс босгоод орхидог, эсвэл дотоод засал хийх, цахилгаан болон инженерийн шугам сүлжээнд холбох ажил гүйцэтгэх нэрийдлээр “хугацаа авч”, захиалагчдыг залхаан цээрлүүлдэг явдал Монголд түгээмэл болжээ. Энэ байдлыг цар тахал бүр ч дэврээжээ. Барилгын компаниуд хямд үнэ амлах, банк бус санхүүгийн байгууллагын зээл, компанийн хувь лизингт хамруулна хэмээн “урхи тавих нь” түгээмэл аж. Ийм урхинд орохгүйн тулд иргэд хянамгай байж, оновчтой сонголт хийх шаардлагатай болж байна. Наанадаж баригдаж дуусаагүй, дотоод заслын ажлыг нь ч эхлүүлээгүй, хаана ч байхгүй таатай үнэ, боломж санал болгож буй мэтээр сурталчилгаа хийдэг газруудаас татгалзах хэрэгтэй. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр банкууд зээл олголтоо хязгаарласан, барилгын материалын үнэ нэмэгдсэн энэ цаг үед компаниуд санхүүжилт босгохын тулд юу гэж ч амлаж, ямар ч аргаар сэнхрүүлж мэдэхээр буйг санууштай.
Бэлтгэсэн Н.Буян