Шинээр бүрдсэн Засгийн газарт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хотын асуудал хариуцсан сайдаар ажиллахаар болсон. Энэ бол ардчилсан Үндсэн хууль баталснаас хойших 30 жилийн түүхэнд анхны тохиолдол гэдгийг судлаачид онцолж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ талаар "Тун саяхан хотын асуудал хариуцсан сайдтай боллоо. Энэ нь Улаанбаатар хотын 1.6 сая хүн амын амьдралын ая тухтай байдлыг хангах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэх, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах их ажлыг нугалахад, бодлогын түвшинд жин дарах шийдвэр байлаа. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил ч үүнтэй уялдаж байна. Цааш өргөжөөд хүүхдүүдээ хамран сургах тойргийн хүрээнд сургадаг болгох асуудлыг Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран нийслэл хот зохион байгуулж буй юм. Нийслэлийн санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, түүний дараа цогц шийдэл судалгаанд тулгуурлан бодлого боловсруулах боломж бүрэн бий. Бид Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв.