Тажикстан улсуудын нутагт орших алдарт Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас 5800м өндөрт бууж чадахгүй гацжээ. Консулын газраас уг мэдээллийг энэ сарын 7-ны 12.00 цаг орчим хүлээж авч, аврах ажиллагааг цаг алдахгүй зохион байгуулжээ. Улмаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржын хамтаар Улаанбаатараас Бишкек хот руу мордлоо.
Киргизстан улс дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд аврагчдыг Бишкек хотод бууснаас цааших бүх асуудлыг саадгүй бүрэн шийдэх юм. Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд дөрөв дэх хоног дээрээ ууланд гацжээ. Аврах баг Бишкекээс Оше хотод хүрч бэлтгэл ажлаа хийн, ажиллагаанд оролцох хоёр хүн нэмж олсон гэнэ.
Яг энэ цаг үед давхцаад Коржиневский оргилд явсан уулчид аврах тусламжийн дохио илгээсэн байна. Киргизээс уулчдын баг бүрдүүлж эхэлсэн ч уулчид хүрэлцээ муу байгаа бололтой. Гэхдээ маргааш (2022.9.10) гэхэд уулчин дээрээ очих төлөвлөгөө гаргажээ.
Өдгөө тухайн уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй тул хугацаа алдаад буй гэнэ. Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа аж.
Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Жаргалант уулчдын клуб, Цэгц клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлсэн аж. Мөн иргэдээс 2.3 сая төгрөгийн хандив цугласан байна.