Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаан өчигдөр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжлээ. Ингэснээр ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж буй юм. Уг газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр шилжүүлж, нийслэлийн тусгай хэрэгцээнд бүртгэн уг газрыг зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах гэнэ. Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулах юм. Тохижилтыг хийхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг Нийслэлийн ИТХ-аас үүрэг болгосон. Энэхүү бүтээн байгуулалтыг Рио тинто компанитай хамтран энэ намраас эхлэх бөгөөд ирэх хавар хүртэлх хугацаанд өрнүүлэхээр боллоо.
Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр “Манай орны хувьд “Диснейлэнд" шиг парк байгуулахад хүндрэлтэй. Мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбоотойгоос гадна тоглоомын элэгдэл маш өндөр байдаг. Бид жил бүр тоглоомоо тодорхой хэмжээнд шинэчилж ирсэн. Харин 2021-2022 онуудад цар тахлаас шалтгаалан тоглоом шинэчилж чадаагүй. Цаашид төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр санхүүгийн хувьд бие даах боломжтой болно. Иймд жил бүр тоглоом шинэчилнэ. Энэ 17 жилийн хугацаанд “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнөж, орон сууцны хороолол барих гэж байна гэдэг ташаа мэдээлэл их явсан. Тус төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байсан. Харин одоо нийслэлийн удирдлагуудтай тохиролцож, төслийг үргэлжлүүлэхэд санал нийлж, хэлэлцүүлэг хийсний хүчинд бид төслийг үргэлжлүүлэхээр болсон. Хоёрдугаар ээлжийн төслийн бүтээн байгуулалтын хүрээнд дотор байгууламжийн тоглоомууд, урлагийн байр, үйлчилгээний газрууд баригдана. Хамгийн гол нь Монголчууд, тэр дундаа Улаанбаатар хотын иргэд жилийн дөрвөн улирал үйлчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон цогцолбортой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгээс гадна битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Мөн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөжээ. “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд ҮСАХ, олны нэрлэдэг Хүүхдийн паркыг шинэ өнгө төрхөөр нийслэлчүүдэд эргэн ирэх боломж олгосон шийдлийг Хотын дарга болон хөрөнгө оруулагчид гаргасан аж.