Хотын захирагч Д.Сумъяабазар болон түүний багийнхан нийслэлчүүдийн урмыг хугаллаа. Тэд өмнөх удирдлагуудын үеийнх шиг урсгалаараа байхгүй, шүлс мэт бага хэмжээний санхүүжилтэд хүлэгдэж ажиллахгүй, нийслэл гэдэг их айл бие даасан хуультай, төсөвтэй, чадамжтай байх ёстой хэмээн амбицалсан. Түүнчлэн улаанбаатарчуудад тулгамдсан томоохон асуудлуудыг шийдэхийн тулд хүрэлцээтэй төсвөөр зоригтой, дорвитой хөдлөх шаардлагатай гэж ухуулж байв. Ингээд нийслэлийн Засаг дарга авто замын түгжрэлийг бууруулах ажилд энэ жил 420 тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Ирэх онуудад ч ийм хэмжээний хөрөнгө тогтмол хуваарилахаар болсон билээ. Энэ нь манай улс сүүлийн 10 гаруй жилд түгжрэлтэй тэмцэхэд зарцуулсан хөрөнгийн 50 хувьтай тэнцэх төсөв юм. Тэр утгаараа хотын мээрийн тодотгосноор энэ бол яалт ч үгүй түүхэн шийдвэр.
Тэрбээр “Нийслэлээс хийсэн судалгаанд хамрагдсан иргэдийн 85 хувь нь нэн түрүүнд түгжрэлийг бууруулах шаардлагатай гэсэн санал илэрхийлсэн. Улаанбаатар хот тэг зогсолтод шилжихэд ойртсон. Иргэд жилд 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрүүлж байна. Түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртөг 2.7 их наяд төгрөгт хүрсэн. Энэ хэвээр үргэлжилбэл 2025 онд 24 их наяд болох тооцоо бий. Эдгээрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, санхүүгийн асуудлыг шийдвэрлүүллээ. Жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа” хэмээн тухайн үед сүр дуулиантайгаар мэдээлж байв. 2022 онд төсөвлөсөн хөрөнгөөр олон ажил хийхээр төлөвлөснийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн тэргүүтэй албаны хүмүүс хангалттай танилцуулж, мэдээлсэн. Тухайлбал, зам, гүүр шинээр барих, авто зогсоол байгуулах, томоохон уулзваруудыг шинэчилж, нэвтрэх чадварыг нь сайжруулах, LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл хэрэгжүүлэх бэлтгэл хангах, явган хүний болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх зэргийг нэрлэж байлаа. Мөн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхээ ч дурдсан. Эдгээр ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ хүртэл байгуулсан юм. Үндсэндээ түгжрэлтэй тэмцэхэд хуваарилдаг төсөр зардлыг нүсэр болгосны дээр шинэ бүтэц байгуулж, төрийн албыг данхайлгасан. Гэтэл тэд өдгөө иргэдийн хөлийг “туших”, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга замыг эрэлхийлж сууна.
Уншигч та бүхэн санаж буй бол хотын дарга орон нутгаас нийслэлд ирж суурьших шилжилт хөдөлгөөнийг таван жилээр хориглох саналыг өнгөрсөн зун гаргасан. Азаар энэ санал нь дэмжигдээгүй. Гэтэл үүний дараа автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах “мэргэн” арга сүвэгчлэв. Ийм зохицуулалтыг удаан хугацаанд үргэлжлүүлэх саналыг иргэд нийслэлийн ЗДТГ-т ирүүлж байна гэсэн итгэхийн аргагүй зүйл ярьж, дугаарын хязгаарлалт тогтоохоор завдав. Тэрбээр өчигдөр болсон нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөж байсан ч иргэдийн эсэргүүцэл, олон нийтийн сүлжээнд өрнүүлсэн “давлагаа”-нд дийлдэв. Эцэстээ хэн илүү явна, тэр хүн илүү төлбөр төлөх зарчим баримталж, орон нутгийн жолооч нараас км тутамд 45 төгрөг (хотынхоос 15)-ийн төлбөр авах болж байх шиг. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох асуудал ч аанай л сөхөгдөв.
Олон нийтийн эрх ашгийг хөндсөн, сав л хийвэл торгох, хязгаарлах, нэмэлт төлбөр авах, хааж боох тухай ярих болсонд нийслэлчүүд сэтгэл дундуур байна. Түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө төсөвлүүлсэн атлаа ийм арга ядсан ажил сэдэж, санаачлахаар урам хугарахаас яах билээ. Эндээс “Хэрэв дугаарын хязгаарлалт тогтоох, шилжилт хөдөлгөөнийг хориглох зэргээр түгжрэлийг шийдэх юм бол өдий хэрийн төсөв батлуулах шаардлага байсан уу”, “Улсын төсвөөс хуваарилсан 420 тэрбумаар чухам ямар ажлууд хийж байна вэ” гэдэг асуулт урган гарч, хариулт нь анхаарал татаж буй юм.
Эдгээр асуултад хариулт авахаар авто замтай холбоотой нийслэлийн бараг бүх нэгж, хэлтсийнхэнтэй холбогдов. Тэд маш боловсноор татгалзлаа. “Тодруулаад, эргэж холбогдъё”, “Аль нь нэгдсэн байдлаар мэдээлэл өгөхийг асууя” гэх зэргээр бултах аж. Төсвийн зарцуулалттай холбоотой асуудалд маш болгоомжтой хандаж байгаа нь илт анзаарагдав. Уг асуудалд ойр, илүү мэдээлэлтэй гэдэг үүднээс “Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийнхэнтэй холбогдлоо. Тус нэгжийн захирал хэвлэл мэдээллийнхэнд төсвийн задаргаа, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар хангалттай тайлагнаж, ярьсан юм байх. Уржигдар гэхэд энэ талаар сэтгүүлчдэд нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг туслах нь онцлоод “Тухайн үед ярьсан, манай газраас хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэхэд татгалзах зүйл үгүй. Даргаас асуугаад хариу хэлье” гээд таг чиг болов. 420 тэрбум төгрөгөөр ямар ажил хийж байгаа талаарх тайлан, задаргааг илгээе хэмээн өөр сэтгүүлчдийг ч мөн хуурчээ.
Дээрх газрын захирал Ч.Батзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2022-2024 онд нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор 12 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс томоохон гурван ажилд энэ жилийн төсвийн дийлэнхийг хуваариллаа. Шинэ гүүр барих газар чөлөөлөхөд 75, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхэд 77 тэрбумыг төсөвлөсөн. Нийт 170 орчим тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажилд урьдчилгаа олгосон. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувиар буурна гэсэн тооцоо бий. Энэ гурван ажилд л 270 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн зам, замын байгууламж барихад 70, хашаа, хайс буулгаж, оронд нь ногоон байгууламж, авто зогсоол бий болгоход 31, төвийн зургаан дүүрэгт удирдлага, хяналтын систем нэвтрүүлэхэд 22.3, явган хүний болон унадаг дугуйн зам барихад 11.2 тэрбум төгрөг хуваарилсан. Эдгээр багц ажлыг 420 бус, 414 тэрбум төгрөгөөр хийж байна” хэмээн ярьжээ. Тус албан тушаалтны ярианаас дүгнэхэд, нийслэл түгжрэл бууруулахад зориулах төсвөө хэрэгжүүлэх ажлууддаа нэгбүрчлэн хуваарилаад, ихэнхийг нь зарцуулчихжээ. Уг ажлууд нь зөвхөн зам, гүүр барихаар хязгаарлагдаагүй бололтой. Мэдээж авто замын түгжрэл нь хот төлөвлөлт, зохион байгуулалт, хүн амын төвлөрөл гээд олон хүчин зүйлээс үүдэлтэй учир үүнийг өргөн цар хүрээгээр харж, олон талт арга хэмжээ хэрэгжүүлэх нь чухал. Гэвч санхүүжилттэй холбоотой дээрх тоо, баримтуудыг туйлын үнэн гэж үзэхэд учир дутагдалтай. Ганц хүний яриа хангалттай баримт болохгүй. Наанадаж төрийн худалдан авах ажиллагааны цахим системд энэ бүхэн дурайтал байж байх ёстой шүү дээ. Гэтэл одоогоор эдгээр ажлын тайлан, санхүүжилтийн мэдээлэл “нууцын зэрэглэл”-д байна.
Түгжрэл бууруулахад төсөвлөсөн 420 тэрбумын цаана янз бүрийн эрх ашгаас үүдэлтэй будилаан байж болзошгүй гэж хардах үндэслэл ч бий. Жишээ дурдъя. “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ байгуулагдсан цагаасаа хойш ердөө хоёр удаа тендер зарлажээ. Үүний баримт нь “Шилэн данс”-нд байна. Нэг нь “Зөөлөн бодлогын хүрээнд хийх таван бүлэг, 28 зүйл бүхий бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн шинэчлэл хийх төсөл боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах”, нөгөөх нь “Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл, тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” аж. Эдгээр нь хоёулаа зөвлөх үйлчилгээнийх нь бөгөөд эхнийх нь 60 сая, удаах нь үүнээс 30 дахин их буюу 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй.
Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэлд “Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа олон улсын томоохон гурван төслийн хүрээнд гэрээ байгуулах, тендерийн баримт бичиг бэлтгэх ажлыг гүйцэтгэх зорилготой. Үүнд хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам зэрэг төсөл багтана” гэж тодотгожээ. Харин Ч.Батзориг дарга “Хөнгөн галт тэрэг, дүүжин тээвэр зэрэг төслийн тендерт оролцогчдод шаардлагатай мэдээлэл, судалгаа зайлшгүй байх ёстой. Улаанбаатар хотын түгээмэл тархацтай орд газрууд хүрэлцээтэй, эсэх, байр зүйн дэвсгэр зураг, байгаль орчны нөлөөллийн урьдчилсан судалгааг үүгээр хийлгэж байгаа юм. Энэ нь суурь судалгааны ажил, техникийн туслалцааны үйлчилгээ үзүүлэх тендер” хэмээн тайлбарлажээ.
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд, олон улсын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл учраас ийнхүү ач холбогдол өгч гэж эерүүлэн бодъё. Судалгаа, тооцооллыг сайтар хийх шаардлагатайг харгалзан зөвтгөхийг хичээе. Гэхдээ зөвлөх үйлчилгээ төдийхөнд хоёр орчим тэрбум төгрөг зарцуулах нь өөрөө тохиромжтой шийдвэр, ханатай тооцоолол мөн үү. Тэр тусмаа хэрэгжих, эсэх нь ихээхэн маргаантай буй, чиглэл байршлаа ч бүрэн тодорхойлж чадаагүй, Монголд тохиромжтой юу гэдэгт шинжлэх ухааны үндэслэлтэй, дорвитой хариулт олоогүй байгаа (өмнө нь хийсэн тооцоо, судалгаа, тогтоосон чиглэлийг өөрчлөхөөр болсон) төслүүдэд ингэж хайр гамгүй мөнгө “цацах” нь зүйд нийцэх үү. Дээрээс нь холбогдох байгууллагынхан авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудаа тайлагнахдаа зөвлөх үйлчилгээ, судалгаа, тооцоололд хэчнээн төгрөг зарцуулж буйгаа тэр бүр мэдээлдэггүй. Гэтэл нэгийнх нь цаана гэхэд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих хэмжээний мөнгө эргэлддэг байх нь. 2022-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 12 багц ажлын ард хэчнээн тэрбумын өртөгтэй зөвлөх үйлчилгээ “төлөвлөснийг” тооцоолоход бэрх.
Үүнээс үндэслээд 420 тэрбумын цаана энэ байтугай тооцоогүй хуваарилалт, үрэлгэн зарцуулалт байж болзошгүй гэсэн хардлага төрөв. Ирэх жилүүдэд ч ийм байдал үргэлжилж магадгүй нь. Яг л өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдол бууруулах нэрийдлээр дээр, дооргүй будилаан үүсгэж, үр ашиггүй ажилд тэрбум, тэрбумаар мөнгө төсөвлөж, дундаас нь зувчуулсан шиг явдал дахин давтагдах вий гэх болгоомжлол байна. Иймд холбогдох байгууллагынхан, олон нийт түгжрэл бууруулах түүхэн төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангуулахад анхаарч, хотын удирдлага болон түүний багийнхнаас цаг ямагт хариуцлага, үр дүн нэхэх хэрэгтэй.