“Моби дээд лиг”-ийн 73 дахь тоглолт “Дэрэн”, “СП фалконс” клубийн хооронд болсон. Энэ үеэр “Дэрэн” клубийн О.Даваадэлгэр эсрэг багийн 13 дугаартай тоглогч, Бразилын тамирчин Тиаго Томайс руу сармагчны хөдөлгөөний үйлдэл гаргасан нь олон хүний шүүмжлэлд өртөөд байна. Үүнтэй холбоотойгоор “СП фалконс” клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай, тоглогч, Бразилын иргэн Тиаго Томайс нар “Дэрэн”-гийн О.Даваадэлгэрт холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороонд гомдол гаргажээ. Сахилгын хороо уг гомдлыг хянан хэлэлцэж, шийдвэрлэв. Тодруулбал, “Дэрэн”-гийн тамирчин Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийн “Ялгаварлан гадуурхах”, 42-ын “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43-ын “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх” заалтыг зөрчсөн гэж үзcэн байна. Мөн улаан хуудсаар торгуулсны дараа гурван минутын дотор талбайгаас гараагүй үйлдэл нь дээрх дүрмийн 54 дүгээр зүйлийн “Шийдвэрийг үл зөвшөөрөх” заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэв. Тиймээс Монголын хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо дээрх дүрмийг үндэслэн О.Даваадэлгэрийн хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг нь нэг жилээр хасаж, таван сая төгрөгийн торгууль ногдуулав. Мөн “Дэрэн” клубийг 10 сая төгрөгөөр торгохоор болжээ. Мөн багийнхаа тоглогчдод болон албаны хүмүүст Сахилгын дүрмийг танилцуулж, сургалт, мэдээлэл зохион байгуулахыг тус клубт үүрэг болгосон байна.