Баруун талдаа жолооны хүрдтэй буюу олны нэрлэж заншсанаар буруу рультэй автомашиныг хориглох асуудал сөхөгдөж эхлэв. Засгийн газрын энэ сарын 5-ны хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдээлснээр бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид уг асуудлыг дахин сөхөж эхэлсэн гэнэ. Дахин хэмээн тодотгосны учир нь сүүлийн 10 гаруй жилийн турш холбогдох албаныхан энэ талаар ярьсаар байгаа юм. Гэхдээ жолооны хүрдний асуудлыг шийдсэнээр түгжрэлийг бууруулж чадна гэж үү.
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨСӨЛ САНААЧИЛСАН ГЭВ ҮҮ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын дурдсанаар бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай тогтоолын төсөл боловсруулж буй гэнэ. Түүнчлэн энэ талаар иргэдийн саналыг авахаар төлөвлөсөн бололтой. “Нийслэлд бүртгэлтэй 650 000 гаруй машин замын хөдөлгөөнд оролцвол хотын зам тэг зогсоход хүрнэ. Тиймээс шийдэмгий, хатуу шийдвэр гаргахаас өөр аргагүй. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглож, импортыг хязгаарлахаас өөр аргагүй” гэх зэрэг байр суурийг сүүлийн үед албаныхан хааяагүй илэрхийлэх болсон. Тэрхүү хатуу хэмээгээд буй арга нь иргэдийнхээ эрхэд бүдүүлгээр халдаж, тээврийн хэрэгслийг нь шууд хориглож, жагсаалаас гаргах бололтой. Үнэндээ бол баруун талдаа жолооны хүрдтэй автомашин замын түгжрэлд нөлөөлдөггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгсэн атал хориглоно гэж ярьсаар буй нь автомашины тоог автоматаар бууруулах, цаашлаад түгжрэлийг багасгасан мэтээр пиар хийх арга ядсан шийдэл гэж л харагдаж байна. Дарга нар бол үнэтэй машинаараа зорччихно. Харин иргэд явгарч, нүдний гэм болсон нийтийн тээврээ хүлээхээс өөр аргагүйд хүрнэ гэсэн үг.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ БА ЖОЛООНЫ ХҮРД
Хичээлийн шинэ жил эхэлж, мэдээжийн хэрэг замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Олон нийтийн зүгээс ч түгжрэлийн шийдлийг дарга нараас шаардаж байна. Ийм үед уламжлал ёсоор яригддаг хэдхэн сэдэв байдгийн нэг нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох юм. 2012 оны наймдугаар сарын 22-нд Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд автомашиныг улсын дугаарын сүүлчийн орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр нийслэлийн ИТХ-аас анх гаргаж байв. Үүний дараахан буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох санаачилгыг хотын удирдлагууд гаргасан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар зогсоосон юм даг. Түүнээс хойш салбарын яамны түвшинд, мөн нийслэлийн хэмжээнд байсхийгээд л эл асуудлыг хөндсөөр ирсэн ч удаа дараа иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар “унтарсан” билээ.
Жишээ нь, Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 онд Авто тээврийн тухай хуулийн төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох заалт оруулж байжээ. Гэтэл энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул төслөөс хассан юм. Түүнчлэн Засгийн газраас 2021 онд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулахаар шийдвэрлэсэн. Уг хороо нь тухайн оныхоо ар ваннэгдүгээр сард хуралдаж, автомашины эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах хэд хэдэн хатуу шийдвэр гаргасан байдаг. Тэдгээрийн дотор Улаанбаатар хотод шинээр бүртгүүлэх тээврийн хэрэгслийн тоог 10 000 орчмоор хязгаарлах гэсэн хачин санал ч байв. Өдгөө эл үзүүлэлт 80 000-д хүрээд буй билээ. Түүнчлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон санал ч гаргах жишээтэй. Гол нь ингэлээ гэхэд түгжрэл төдийлөн буурахгүй. Ийм тохиолдлууд бүрт иргэд эсэргүүцээд, “Үгүй” гээд байхад л дахин дахин гаргаж ирдэг нь ямар учиртай вэ.
НИЙТ МАШИНЫ 58 ХУВЬ НЬ БАРУУН ТАЛДАА РУЛЬТЭЙ
Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсийн дүнгээр бүртгэлтэй нийт автомашины тоо 1 243 445-д хүрчээ. Энэ нь өмнөх оныхоосоо 116 000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүний талаас илүү буюу 58 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй. Тэр тусмаа дундаж болон түүнээс доош орлоготой иргэдийн олонх нь баруун талдаа жолооны хүрдтэй, голчлон Японоос оруулж ирсэн “Приус” загварын автомашинтай. Нэг тоо дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн онд суудлын 55 238 машин импортолжээ. Үүний дийлэнх буюу 52 014-ийг нь Японоос оруулж ирсэн байх жишээтэй. Уг тээврийн хэрэгсэл амьжиргааных нь гол эх үүсвэр болсон айл өрх ч олон бий. Гол шалтгаан нь энэ төрлийн машины үнэ харьцангуй хямд байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэд амьжиргааны түвшиндээ тааруулан, хямд үнээр, шатахуун бага зарцуулдаг тээврийн хэрэгсэл авдаг. Жишээ нь, нийслэлд хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг 40 000 гаруй иргэн бий гэх албан бус тоо байдаг. Тэдний олонх нь баруун талдаа жолооны хүрдтэй автомашинтай. Ингээд бодохоор дарга нарын нарыг шийдвэрээр эрхийг нь хязгаарлах гээд байгаа зорилтот бүлэг нь голчлон дундаж болон түүнээс доош орлоготой иргэд болж таарах нь.
НИЙТИЙН ТЭЭВЭР САЙН БОЛ ИРГЭН БҮР МАШИН УНАХГҮЙ
Хүрэлцээгүй, олон хүн чихцэлдсэн, бохир заваан нийтийн тээврээр үйлчлүүлэхээс залхсан иргэд ажил, гэрийн хооронд хөл дүүжлэхийн тулд арай хямд үнэтэй тээврийн хэрэгсэл сонгож байна. Тэр нь баруун талдаа жолооны хүрдтэй “Приус” зэрэг автомашин. Тэгвэл иргэдийн хувийн автомашиныг хориглохын оронд нийтийн тээврээ сайжруулж яагаад болохгүй гэж. Ядаж л одоо байгаа автобуснуудаа дорвитой шинэчилье. Тэр хэрээр замын түгжрэл ч буурах боломжтой. Гэтэл Улаанбаатарын нийтийн тээвэр сүүлийн 20 жилд огт хөгжөөгүй шахам. 2015 онд төлбөрийн системийг шинэчилж, иргэд карт уншуулан үйлчлүүлдэг болсныг эс тооцвол эл салбарт “салхи оруулаагүй”. Нийтийн тээврээ шинэчилнэ гэж хотын үе үеийн дарга байнга ярьж ирсэн ч дорвитой шийдэл өдий хүртэл алга. Тухайлбал, өнгөрсөн жилээс авхуулаад хотын удирдлага нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ гэж яриад байгаа. Гэсэн ч хэдхэн автобус оруулж ирснээс өөр өөрчлөлт одоогоор үгүй бөгөөд нийтийн тээвэр хүрэлцээгүй хэвээрээ. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш л гэхэд иргэд автобусны буудалд өчнөөн удаан зогсож, унаа хүлээх болсон. Ялангуяа ажил эхлэх, тарах үеэр автобусны зогсоолуудад хүүхэд, хөгшидгүй багширч байна. Аргаа барсан хүмүүс “Одоо ч яах вэ, өвөл яана аа” хэмээн гайхшаа барж буй. Тиймээс л иргэд хувийн автомашинаа унахаас өөр аргагүй.