“Шинэ сэргэлтийн бодлого”-оор зургаан багц асуудлыг шийдвэрлэх, түүний дотор төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах томоохон зорилтыг төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд дэвшүүлсэн билээ. Гадаадын иргэн, харьяатын газрыг тус зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж “Бүтээмжит төрийн байгууллага”-аар шалгаруулсан байна. Тодорхой хэлбэл, тус газар инновацыг хэрэглээнд нэвтрүүлж төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр сүүлийн гурван жилд ахиц гаргасан аж.
НҮБ-ын “Олон улсын төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан тус байгууллагад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг ажиллаж, баяр хүргэлээ. Гадаадын иргэн, харьяатын газар төрийн бүтээмжийг сайжруулах олон талт арга хэмжээ, хүнд суртлыг бууруулах зөв ажлын эхлэл болсон цахимжилтаар дамжуулж иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх зорилгоор шинэ санаа, шийдлүүд амжилттай нэвтрүүлснийг Төрийн албаны зөвлөлийн дарга онцолсон гэнэ.